Д.Сарангэрэл: Цахим эрүүл мэнд хөтөлбөрийг ямар ч гэсэн хөдөлгөнө, урагшлуулна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ яамны хуучин сайд  А.Цогцэцэгээс тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орсноос хойш энэ сарын 20-нд таван сар болох гэж байна.  Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг 2017 оны 10 дугаар сарын 20-нд тамга хүлээлцэх үеэр “Д.Сарангэрэл сайд бол Эрүүл мэндийн  салбарт шинэ хүн биш. УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллах хугацаандаа  энэ салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа томоохон ажлуудыг дэмжин, гар бие оролцож, дуу хоолойгоо хүргэхэд нэгэн баг болон ажиллаж байсан. Цаашид энэ салбарын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажиллаж чадах хүн” гэж онцлоод Д.Сарангэрэл ажлын амжилт хүсч байсан билээ. Өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд Д.Сарангэрэл сайд томоохон эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаж, Эрүүл мэндийн салбарт 2018 онд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг цаг алдалгүй урагшлуулах талаар нэлээн идэвхтэй ажиллаж байгаа. Ингээд яамны сайдын ажлыг авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон яамны бодлого, чиглэлийн ирээдүйн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс  тодруулан ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

-Таны хувьд багагүй хэл ам дагуулдаг Эрүүл мэндийн сайдын ажлыг аваад дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд салбарынхаа ажил байдалтай танилцах, эмч, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн хамгааллын асуудалд анхаарах гээд нэлээн ажил амжуулсан болов уу?

-Эрүүл мэндийн салбар бол Монгол Улсын иргэн болгонтой хамаатай, эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай холбогддоггүй ганц ч айл өрх, иргэн байдаггүй болохоор энэ утгаараа харьцангуй хүн болгонд хамгийн ойр салбар юм. Харин яг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах чиглэлд гэж яривал энэ нь Эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүмүүсийн л хийх ажил. Миний хувьд Эрүүл мэндийн салбарын бодлогыг Засгийн газрын түвшинд авч явах ийм л үүрэг, зорилготой. Би энэ салбарын сайд, дарга гэхээсээ илүүтэй салбарынхаа зохион байгуулагч, гол менежер нь юм. Чухамдаа энэ үүргээ л нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэхийн төлөө өнгөрсөн хугацаанд хичээн ажиллалаа. Ер нь бол цаг наргүй л ажиллаж явна. Өөрийн тань асууснаар ажилдаа эзэн болох үүднээс ихээхэн чармайлттай, хариуцлагатай ажиллах шаардлагатай л даа. Ингэж ч ажилласны үр дүнд эхний үеэ бодвол салбарын маань ажил ерөнхийдөө гарт орж байгаа гэж хэлж болно.

-Үнэхээр ч таныг Эрүүл мэндийн сайд боллоо гэдэгтэй зэрэгцээд шахуу “Эрүүл мэндийн сайдаар мэргэжлийн бус хүн томилогдчихлоо. Сэтгүүлчээс өөр хүн олдоогүй юм байх даа” хэмээн хэсэгхэн шуугиад авсан л даа. Гэтэл та өнгөрсөн хугацаанд энэ салбарт сайн менежер байж чадахаа харуулсаар яваа. Энэ талаас нь та өнөөдөр хийж байгаа ажил, барьж байгаа бодлогоо тодорхойлохгүй юу?

-Эрүүл мэндийн салбарын үндсэн үүрэг нь Монголын ард түмний эрүүл мэндийг л хамгаалах юм. Тэгээд дээр нь Монгол хүний насыг уртасгахад юу хийж хэрэгжүүлвэл зохилтой вэ гэдэг л хамгийн гол асуудал, хийх ёстой ажил нь юм. Эдгээр ажлыг хамгийн зөв зүйтэй зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх нь маш чухал байна. Өнөөдөр бол ард түмэндээ үйлчилж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийнх нь сэтгэл санаа ихээхэн дундуур байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа ард иргэд нь ч мөн л эмнэлгийн зүгээс үзүүлж байгаа эмчилгээ, үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа юм. Тэгэхээр үүнийг л нэг цэг дээр огтлолцуулж, аль аль нь сэтгэл ханамжтай байх чиглэлд Эрүүл мэндийн яамны бодлого, үйл ажиллагаа чиглэгдэх ёстой юм. Энэ ч үүднээс таван чиглэлд үйл ажиллагаагаа тодорхойлоод ажиллаж байгаа. Хамгийн эхэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс ялангуяа улсын өмчийн эмнэлгүүдийг харьцангуй биеийг нь даалгах, өөрөөр хэлбэл хөрөнгө санхүүгийн хувьд бие даасан байдалтай болговол эргээд тодорхой үр дүн гараад явах юм билээ. Дотооддоо менежментээ хийж чадах, ингэснээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ ойртуулах, тэрхүү боломж нөхцөлийг нь бүрдүүлэх нь давын өмнө шаардлагатай байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн боловсролын тухай асуудал ч ихээхэн тулгамдсан асуудал болчихоод байна. Намайг хэвлэлийн хүн болохоор энэ чиглэлийг түлхүү баримтлах гээд байна гэх хүн ч мэр сэр гарч л байгаа. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийн боловсрол гэдэг бол урьдчилан сэргийлэх, өвдөхөөс нь өмнө хамгаалах, эрүүл байхын тулд иргэн хүн өөрөө ямар асуудалд анхаарч, илүү хариуцлагатай байх юм бэ гэдэг чиглэлд Эрүүл мэндийн яам нь мэргэжлийн яамны хувьд энэ ажлыг дорвитой барьж авч, хийж хэрэгжүүлэх ёстой юм. Түүнээс гадна урьдчилан сэргийлэх үзлэгийн тухай сая хөндөж ярьсан. Орон даяар ард түмнийхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн яам 2018 онд явуулахаар зорьж байна. Энэ ажлыг уламжлалт аргаас арай өөрөөр, нэг ёсондоо хуучин шиг чих хамар, хоолойн үзлэг, рентгенд харуулах зэргээр дуусдаг байсныг эрс өөрчилнө. Одоо бид олон түмний дунд голлон тохиолдоод байгаа янз бүрийн хорт хавдруудыг эрт илрүүлэх чиглэлд өөрөөр хэлбэл элэгний болон ходоод, умайн хүзүү, улаан хоолой, уушиг  гэсэн таван төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлийн багцыг оруулж байгаагаараа энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлог орших болно гэдгийг хэлье.

Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг сайжруулах, янз бүрийн дахин сургалтад хамруулах ажил маш чухлаар тавигдаж байгаа. Он гарсаар 81 эмч мэргэжилтнүүдийг гадаадад сургахаар явуулаад байна. Өмнө нь бол гадаадын төсөл хөтөлбөрүүдийн хаялагаар л сургалтад явдаг байлаа шүү дээ. Тэгвэл энэ 2018 онд Засгийн газраас 2.5 тэрбум төгрөгийг Монгол эмч нараа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дахин сургалтад хамруулах чиглэлд төсөв санхүүжилт хэлбэрээр олгоод байгаа. Дээрх 81 эмч 13 чиглэлээр суралцаад Монголдоо ирнэ. Тэдгээрээс гадна дөнгөж сая гуравдугаар сар гараад дахин 8 эмч гадаадад явлаа. Тэгэхээр дөрөв дэх гол чиглэлээ бид нар эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ялангуяа орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхах, нийцэж ажиллах, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй ажиллаж чаддаг болгох, зураг хөргөө өөрсдөө уншиж чаддаг байх зэрэг чиглэлд анхаарч сургалтад хамруулж байгаа юм.

-Та түрүүн төрийн мэдлийн эмнэлгүүдэд тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэлээ. Дэмжлэг туслалцаа үзүүлэхтэй зэрэгцээд ард иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах гээд очиж байна. Энд эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын харьцааны соёл хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Энэ харьцааны соёл, харилцааны маркетингийн асуудал ялангуяа манай салбарт хамгийн чухал юм. Эрүүл мэндийн салбар харьцангуй хөгжиж байгааг манай иргэд харж, мэдэрч байгаа. Хүмүүс өвчин зовлон тусахаараа давын өмнө эмнэлэгийг л барааддаг. Эмнэлэгт очсон үедээ хэн ч түүнийг шүүмжилж яриад байдаггүй. Харин ч шүтэж бишрээд л гардаг. Хүнд хүнд өвчин зовлонгийн ард манай эмч нар гарч чадаж ч байгаа. Гэтэл ялихгүй нэг харьцааны соёл, харилцааны асуудал оршсоор байгаа нь нууц бишээ. Энийг би Эрүүл мэндийн салбарын эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гэхээсээ илүүтэй Монголын нийгмийн амьдралын өнөөдрийн хүнд нөхцөл байдал, ард иргэдийг ихээхэн бухимдуулж байгаатай нэгдүгээрт холбоотой гэж үздэг. Ард иргэдийн тэрхүү их бухимдал, сэтгэлийн зовлон Эрүүл мэндийн салбар дээр ирж тайлагдаад байгаа юм болов уу гэж ч бодогдох үе байдаг. Гэхдээ харьцааны соёл, харилцааны менежментийн  чиглэлд бол багагүй ажиллах шаардлага бий. Салбарын сайдын хувьд би үүнийг үгүйсгэхгүй. Харин тэгэхдээ бид Эрүүл мэндийн салбараасаа давын өмнө юу шаардах ёстой вэ гэвэл эхлээд бид эмч ажиллагчиддаа ажиллах нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгөх ёстой юм.

Ялангуяа хийж бүтээж байгаа ажил үйлстэй нь дүйцсэн цалин мөнгийг өгдөг болох нь тулгамдсан асуудал юм. Ингэж байж эдгээр хүмүүс маань сэтгэл хангалуун ажиллана шүү дээ. Өнөөдрийн нөхцөлд энэ талд хүндрэл бэрхшээл багагүй байна. Гэхдээ угаасаа энэ мэргэжлийг сонгосон, өргөсөн тангаргатай хүмүүсийн хувьд ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд үнэнчээр зүтгэхээс өөр арга байхгүй л болж байгаа юм. Мэдээж зарим нэг бухимдал, хүндрэл бэрхшээл гарч байдаг. Гэхдээ бид зүгээр суугаагүй, энэ чиглэлд тодорхой бодлого, хөтөлбөр дэвшүүлээд ажиллаж байна. Сургалтууд явуулж байна, улсын төв I, II эмнэлгээс эхлээд “Хүлээгдэлгүй үйлчлэх” цоо шинэ менежментийг нэвтрүүлээд эхэллээ. Өөрөөр хэлбэл иргэддээ цахимаар, утсаар, өөрийн биеэр цаг авах боломжийг нь бүрдүүлэх, нэг иргэнд үйлчлэх цаг хугацааг Олон улсын стандартын дагуу 15 минутаар тогтоож өглөө. Энэ дагуу та 8:30-д үзүүлсэн бол Д.Сарангэрэл 8:45 гээд эмнэлгүүд цахим дэлгэцээр тавьж, үзүүлэх үйлчилгээ яваад эхэлсэн. Үндсэндээ ер нь бид БНХАУ-ын Засгийн газрын шугамаар хэрэгжиж байгаа Цахим эрүүл мэнд, Дэлхийн банкны шугамаар хэрэгжиж байгаа Цахим эрүүл мэндийг нэгтгэж Монгол Улсын хэмжээнд Эрүүл мэндийн салбарын цахим сүлжээтэй болох юм. Энэ цахим сүлжээ жигдрээд ирэхээр дүүргийн эмнэлгүүдийн түвшинд ч гэсэн иргэддээ үзүүлэх Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, ялангуяа саяын яриад байгаа бухимдал үүсгээд байгаа асуудлуудыг шийдээд явах гарц гаргалгаа нээгдээд явна.

-Би сая яг асуух гэж байтал та Цахим эрүүл мэндийн талаар ярьчихлаа. Урьд нь байсан Төрийн нарийн бичгийн дарга энэ талаар багагүй ажил эхлүүлсэн санагддаг. Гэтэл тэр хүн энэ ажлаасаа болоод хэрэгт холбогдчих шиг л болсон. Тэгвэл яг энэ асуудлаар Эрүүл мэндийн яаманд ямар нэгэн хохирол учирсан зүйл бий юу?   

-2012 онд БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны, маш бага хүүтэй зээл Цахим эрүүл мэнд төсөлд өгөгдсөн байдаг юм. Ингээд 2012 оноос хэрэгжээд 6-7 жил болж байгаа ч ний нуугүй хэлэхэд хэрэгжилт нь туйлын хангалтгүй байгаа. Би бол өмнөх Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой ямар асуудал үүссэнийг мэдэхгүй. Түүнийг хууль хяналтын байгууллагууд л шалгаж тогтоож байгаа болов уу. Харин нэг зүйлийн мэдээлэл байгаа нь энэ Цахим эрүүл мэнд төслийг явуулах сонирхол зарим тодорхой хүмүүст байхгүй, хөдөлгөх огт сонирхолгүй байдаг юм билээ.

-Яагаад тэр юм бол?

-Тухайлбал 2015 онд БНХАУ-аас энэ тендерт шалгарсан  компани тоног төхөөрөмжийн хангамжаа хийгээд дууссан байгаа юм. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгээрээ хятадын нөгөө компани туслан гүйцэтгэгч бас нэг компани шалгаруулж авсан юм билээ. Тэр туслан гүйцэтгэгч компани нь программ хангамжийнхаа ажлыг хийчихсэн байтал түүнийг нь манай Эрүүл мэндийн яам хүлээж авахгүй гацаачихсан байдаг. Хүлээж авахгүй байсаар байгаад 2 жил болчихсон байгаа юм. Энэ хоёр жилийн хугацаанд энэ Цахим эрүүл мэнд төсөл хоцрогдоод эхэлсэн. Эмнэлгүүд нь нэгдчихээд байдаг харин яам нь хүлээж авдаггүй. Нийтдээ 48 обьект дээр энэ Цахим эрүүл мэнд хөтөлбөр хэрэгжих ёстой ч одоогоор 10-ыг нь л хүлээж авъя гэж яригдсан ч одоо хүртэл хүлээж аваагүй байна. Гэтэл зарим эмнэлгүүд дээр үйл ажиллагаа нь эхлээд явж байдаг. Ийм л зөрчилтэй, нөхцөл байдал үүсчихээд байгаа юм. Надад өгсөн мэдээллээр бол Эрүүл мэндийн яамны ажил хариуцаж байгаа хүмүүсийн хандлага, за тэр сонгон шалгаруулалтад туслан гүйцэтгэгчээр шалгарсан компанийг нь Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрдөггүй, хийсэн ажлыг нь хүлээж авдаггүй ийм нэг жигтэйхэн нөхцөл байдал үүсч, өнөөдөр 2-3 жил Цахим эрүүл мэнд төсөл гацчихаад байгаа юм. Гэхдээ энэ төслийг миний бие Эрүүл мэндийн салбарын сайдын хувьд гацаанаас гаргаж байгаа. Янз бүрийн хардлага сэрдлэг их явах юм. Гэвч Монголын ард түмэн эргүүлээд төлөх мөнгө учир тэднийхээ эрүүл мэндэд л зориулагдах ёстой. Энэ мөнгө бол буцалтгүй тусламж биш, хөнгөлөлттэй зээл учир тодорхой хугацааны дараа бид эргүүлээд л төлж таарна. Гэтэл зээл удах тусмаа л Монгол Улсад хор хөнөөлтэй. Яагаад гэвэл захиргааны зардал нь өсдөг, нөгөөтэйгүүр тодорхой хөрөнгийг үхмэл байдалтай байлгаснаар Монгол Улс, бид юу ч хожихгүй. Тийм болохоор тэр төслийг зориглоод хөдөлгөж байгаа. Гэтэл зарим сайтууд “Энэ төслийг хөдөлгөх нь Сарангэрэл сайдад ямар ашигтай вэ, юуны тулд ингэж их хүчлээд байна вэ” гээд л хардаж сэрдээд бичиж байна. Дэлхийн Эрүүл мэндийн банкны шугамаар бас л Цахим эрүүл мэнд төсөл хэрэгжиж байгаа. БНХАУ-ын Засгийн газрын шугамаар хэрэгжиж байгаа Цахим эрүүл мэнд төсөл нь өөрөө хоёр дахь, гурав дахь шатлалын эмнэлгүүдийн түвшинд, харин Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Цахим эрүүл мэнд төсөл нь анхан шатны эмнэлгүүдэд хэрэгжээд эцэст нь анхан,  дунд, гурав дахь шатлалын Цахим эрүүл мэндийг нэгтгээд Монгол Улсын Эрүүл мэндийн цахим хангамж бүрдэх юм. Нэг ёсондоо ДАТА баазтай болно гэсэн үг. Ингэхээр бид энэхүү ДАТА бааз дээр суурилсан Эрүүл мэндийн бодлого үйл ажиллагаа явуулах ёстой юм. Бид нар тэгж чадахгүй байгаа учир захын нэг ТББ, “Тэр тэр өвчин Монголд илүүтэй зонхилоод байгаа учир бид ийм хөтөлбөр хэрэгжүүлнэ, тэдэн сая, тэрбум төгрөг өгөөдөх” гэдэг нөхцөл байдал руу түлхээд байна. Дэлхийн Эрүүл мэндийн банкны шугамаар хэрэгжиж байгаа Цахим эрүүл мэнд төслөөр нэг жийп машин авчихаж. Түүнийг бас л “Шуурхай.мн” сайт дээр тавьчихсан байна лээ. Тэнд бас л нэг хардлага яваад байгаа. Үнэндээ энэ төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж байгаа нь өөрөө эргээд хүмүүст таалагддаггүй юм байна. Гэтэл үнэндээ тэр жийпийг  ав гэж би хэнд ч хэлээгүй, үүрэг өгөөгүй. Дэлхийн Эрүүл мэндийн банкны Цахим эрүүл мэнд хөтөлбөр бол надаас аль эрт 2015 оноос хэрэгжээд явж байгаа төсөл. Хэрэгжүүлэх компани энэ тэр нь ч аль эрт шалгараад ажлаа хэрэгжүүлээд явж байгаа. Тухайн төслийн баг нь хөдөө орон нутагт ажиллахдаа ашиглана гээд тэр жийпийг авсныг Эрүүл мэндийн сайд асан Цогцэцэг, ТНБД асан Очирбат, Дэлхийн Эрүүл мэндийн банк нь бүгдээрээ л  зөвшөөрөөд гарын үсгээ зурцгаасан байдаг. Тэр жийпийг бол өнгөрсөн 12 дугаар сард авсан юм билээ. Гэтэл тэр жийп машиныг надтай холбож бичээд байгаа нь хий дэмий л хардлага сэрдлэг юм. Гэхдээ ер нь Эрүүл мэндийн яаман дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд маань манай яамны ажил гэхээсээ илүүтэй олон нийтийн, хэвлэл мэдээллийн, түүнийг хэрэгжүүлж байгаа компаниудын нэг тийм сонирхлын бүлгүүдийн асуудал болчихоод, тухайн тэр сонирхлын бүлгийн эрх ашигт нийцээгүй л бол тэгээд баахан хардлага сэрдлэг, хэл ам дагуулаад байдаг юм билээ. За яах вэ намайг шүүмжилнэ л биз. Гэхдээ шударга үнэн л байгаасай гэж хүсч байна. Харин тэрхүү худал хуурмаг хардлага сэрдлэгийг ард түмэн, засаг төр ялгаж салгаад харах байлгүй дээ. Гол нь Эрүүл мэндийн салбарт л ээлтэй байвал эргээд тэр нь Монголын өвдөж шаналсан ард иргэдэд ээл буянаа хайрлах чиглэлээр л би дээрх төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж байгаа. Ямар ч тохиолдолд дээрх төслүүд гацах ёсгүй, урагшаа явах л ёстой. Яахаараа хэд гурван юмуу, хэсэг бүлэг хүмүүсийн хандлагаас болж эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүд гацах ёстой юм. Нэгэнтээ УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргачихсан, явж байгаа үйл ажиллагааг замын дундаас нь зарим нэг хүмүүсийн ашиг сонирхол зөрчилдсөнөөс болж гацаадаг хандлага бий болчихож. Тийм учраас би богино хугацаанд ч байна уу, урт хугацаанд ч ажиллана уу ямар ч байсан өөрийнхөө ажиллах хугацаанд Эрүүл мэндийн салбарт тулгамдсан, тэр дундаа гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлдбөрүүдийг хэнээс ч хараат бусаар хөдөлгөх талаар тууштай ажиллана.

-За таны цаашдын ажилд их амжилт хүсье. Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болно. Эрүүл мэндийн салбарт хамгийн олон эмэгтэйчүүд ажилладаг. Та сайдын хувьд бүсгүйчүүдээ манлайлан сайхан баярлаарай?

-Их баярлалаа. Ингээд танай хамт олонд ажлын амжилт хүсэхийн ялдамд Монголынхоо сайхан ээжүүд, эмэгтэйчүүд, охидууддаа Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Эх сурвалж: www.24 tsag.mn

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

О.Энхжаргал: Гоо сайхны салбарт мэргэжлийн зэрэглэл тогтоох ...

Үзсэн: 515 цаг 9 минутын өмнө

"Цэвэрч-Баянзүрх" аяны хүрээнд 1.698 тонн хог хаяг...

Үзсэн: 22018-06-22 08:38

Биеийн тамир, спорт хороо үйл ажиллагаагаа танилцуулав

Үзсэн: 22018-06-22 08:36

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.