Г.Юндэн: Сэтгэл хүрсэн газар чадал хүрнэ гэж боддог

""Олон нийтийн цагдаа" буланд ажил хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлан ажилласан Г.Юндэнг онцол" гэдэг үүрэг аваад байтал дүрэмт хувцсаа цэмцгэрхэн өмсөж, дөрвөлжин хар цүнх барьсан 50 эргэм насны эмэгтэй өрөөнд орж ирлээ. Энэ хүн бол Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн олон нийтийн цагдаа Г.Юндэн. Тэрбээр дүүргийнхээ 12 дугаар хороонд олон нийтийн цагдаагаар ажилладаг бөгөөд энэхүү ажил үүргийг гүйцэтгээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны идэвхтэй иргэн түүнд анх хороон Засаг дарга нь олон нийтийн цагдаагийн шалгаруулалтад орохыг зөвлөж, та тэнцэнэ, чадна хэмээн урам хайрласан гэнэ. Тэрбээр шалгалт, шалгуурт тэнцэж 2016 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Энэ тухайгаа “Би тэтгэврийн насанд дөхөж яваа жирийн нэгэн эмэгтэй. Гэхдээ хүний сэтгэл хүрвэл ямар ч ажлыг хийж чаддаг гэж боддог. Хүн надад итгэл хүлээлгэж байхад би чадахын төлөө л зүтгэнэ гэж бодсон.

Ажил үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хариуцлагатай, нягт нямбай байхыг хичээдэг. Анх ээжийгээ олон нийтийн цагдаа боллоо гэхэд хүүхдүүд маань “Та чадах уу, барах болов уу?” гэж санаа зовниж байсан. Ээж нь чадахаасаа чадахгүйгээ хүртэл явна аа гээд л орсон. Надад дандаа урам хайрладаг гэр бүл, хамт олондоо талархаж явдаг” гэж ярьсан юм.

Г.Юндэн үүрэг гүйцэтгэх хугацаандаа хэд хэдэн гэмт хэргийг илрүүлэн цагдаагийн байгууллагад мэдэгдэж ажиллажээ. Спирт найруулан гар дээрээс хууль бусаар худалдаалж байсан иргэн Н-ын хоёр удаагийн үйлдлийг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Мөн өглөө ажилдаа явах замдаа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны автобусны буудал дээр овор хэмжээ ихтэй эд зүйл авч яваа этгээдийг шалгаж, сэжиг бүхий байдалтай учир Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгч, урьд өмнө эрэн сурвалжлагдаж байсан Б гэх этгээдийг барьж өгчээ. Хороон цагдаа, урамшилт эргүүлийнхээ хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа гэмт этгээд хулгайлсан эд зүйлээ нуусан байхыг олж сонор соргог, овсгоо самбаагаа дайчлан, өндөр хариуцлагатай ажилласан аж.

Тэрбээр ид хийж бүтээх, хөдөлмөрлөх, амьдралаа өөрийн гараар босгох насны залуус, охид сархад хэмээх савнаасаа бүгдийг дийлэгчийн эрхэнд автаж залуу нас, гоо үзэсгэлэн, эрүүл мэндээ хохироож, эд хөрөнгөө үрж, эцэг эхээ шаналган, эрдэнэт амь насаа эрсдэлд оруулж, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болж байгаад туйлын их харамсаж явдгаа сэтгэл эмзэглэн ярьсан. “Эх орны ирээдүйг бүтээх залуус, ээж ааваа ачилж явах ёстой хүүхдүүд гэж бодохоор тэдэнд гомдол төрдөг. Бас ч үгүй нас явсан хүн болохоор хэлж, зөвлөж, аргадан бас зэмлэдэг. Ер нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад одоо үеийн эцэг эхчүүд үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, хүн ёсны хүмүүжлийг суулгах хэрэгтэй байгаа нь алхам тутамд харагддаг даа. Архи, тамхи, муу зүйлийн хор хөнөөлийг бүр багаас нь сэтгэхүйд нь таниулж, тэдний хүлээж авахааргүй, хийхээргүй дархлаатай болгох хэрэгтэй юм шиг санагддаг” хэмээсэн юм.

Олон нийтийн цагдаа бол цагдаа, иргэн хоёрыг эвээр холбох гүүр юм. Тиймдээ ч тэрбээр олны төлөө ээж нь мэт санаа тавьж, гэмтэн, буруутанд нүд хурц, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төр, идэвх зүтгэлтэй хэрэгжүүлсээр яваа олон зуун олон нийтийн цагдаагийн төлөөлөл билээ.

Цагдаагийн дэслэгч Б.Будхүү

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна...

Үзсэн: 03 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

Үзсэн: 12018-12-10 07:09

Тайландын “сүнс оюутнууд”

Үзсэн: 22018-12-10 07:01

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.