Б.Анаргэрэл: Клара охины дүрд 2 дахь жилдээ тоглох гэж байгаадаа баяртай байна

Шинэ он, шинэ жил ирж байна. Шинэ жилийг “Цөмөөхэй”-гүйгээр төсөөлшгүй гэдгийг хүүхэд төдийгүй томчуул андахгүй мэднэ. Тайзан дээр будрах цасан дундуур үлгэрийн мэт цагаан өмсгөлтэй охид балет эргэх мөч, Клара охин болон цөмөөхэй түүний баатрууд тайзан дээр амилах өдөр ойртсоор байна.

"Цөмөөхэй" хэмээх бүжгэн жүжиг Монголд амилаад 5 дахь жил нь болж байгаатай холбогдуулан Клара охины дүрийг бүтээж байгаа 23-р сургуулийн 6А ангийн сурагч Б.Анаргэрэл охиныг урьж бяцхан яриа өрнүүллээ.

- “Цөмөөхэй” бүжгэн жүжигт бүтээсэн дүрүүдийнхээ тухай ярьж өгөөч.

- Цөмөөхэйг Монголд хамгийн анх тоглох гээд хүүхдүүд шалгаруулж авна гэхэд ээж маань намайг шалгаруулалтад оруулсан. Тэгээд би модон цэргийн дүр авсан. Би маш их баярласан. Хамгийн жижиг модон цэрэг нь байсан. Дараа жил  2015 онд нь би жижиг 4 хулганын нэг нь болж байсан. Хулганын дүр багтай гарч ирдэг ч гэсэн миний хувьд 2 дахь удаагаа Цөмөөхэйд тоглож тайзан дээр гарна гэдэг үнэхээр сайхан байсан. 2016 онд нь Амттаны орны дагинын алиалагч хүүхэлдэй Полишинель дүрийг бүтээсэн. Хамгийн дэггүй сахилгагүй би бүжгээ хийж дуусангуутаа ганцаараа гүйж очин Клара охинтой салах ёс хийж тэврэлдээд бусдаасаа хоцрон дагинын хормой руугаа эргэлдсээр ордог.

Энэ үед бүх үзэгчид надад анхаарлаа хандуулж алга ташин өхөөрдөн инээдэг. Энэ бол үнэхээр сэтгэл хөдлөм байсан. Өнгөрсөн жил 2017 онд Цөмөөхэйн бэлтгэл эхэлсэн байсан боловч надад дүрийг оноож өгөөгүй байсан. Бэлтгэлийн явцаас би өөрийгөө Клара-н найзуудын нэг нь болох нь гэж бодож байтал нэг өдөр Жаргалан багш маань дуудаад Клара охины дүрд тоглох болсныг хэлэхэд итгэж ядан байсан. Хөл газар хүрэхгүй баярласан, бас ээждээ бушуухан хэлэх юм сан гэж яарч байсан.

Энэ жил би дахин Клара охины дүрийг бүтээх болсондоо туйлын их баяртай байна. Цөмөөхэй бүжгэн жүжигт тоглож байгаа охидын мөрөөдөл болсон дүр Клара охиныг  дахин бүтээх болсон нь  миний мөрөөдлийн нэг хэсэг биеллээ оллоо гэж бодож байгаа.  Энэ жил би Цөмөөхэйн 12-р сарын 22-ны өдрийн нээлтийн тоглолтод Клара охины дүрийг бүтээж 12-р сарын 23-ны өдрийн тоглолтод Үлгэрийн орны Тэнгэрийн дагинасын нэг нь болж байгаа. Тэгэхээр би Цөмөөхэйд нийт 6 дүрийг бүтээж байгаа нь сайхан байна.

- Яагаад балетаар хичээллэх болсон бэ?


- Намайг 6 настай байхад сургуульд орох жилийн зун нь ээж маань намайг соробана сампингийн сургалтад явуулж байсан. Энэ сургалтын хажууханд балетын сургалт явагддаг байсан, би балетын ангид нь ороод суучихдаг байсан. Тэгээд нэг өдөр ээждээ хэлэхэд ээж маань зөвшөөрөөд би балетаар хичээллэж эхэлсэн. Тэрнээс хойш тасралтгүй одоог хүртэл 6 жил хичээллэж байна. Ээж маань намайг уйгагүй хүргэж өгч авч, дэмжиж, зоригжуулж байдаг.

- Балетын урлагийг хүнд урлаг гэдэг, чамд хэцүү санагдах үе байсан уу?

Балетын хичээл маш их тэвчээр, цаг хугацаа, анхаарал шаарддаг. Нэг хөдөлгөөнийг маш олон хоног олон удаагийн давталттай хийж байж сурдаг. Мэдээж хэцүү үе байсан, тэр үед ээж маань сэтгэлийн маш их хүч дэм өгдөг, мөн миний 2 эгч намайг маш сайн дэмждэг. Бас Жаргалан багш маань бэлтгэлийн үеэр хөдөлгөөнийг нэг бүрчлэн нарийн зааж зөвлөж өгдөг болохоор би балетын хичээлдээ явахдаа дуртай байдаг.

- Чамд сурлага, урлагийн өндөр амжилт хүсэж, мөрөөдөлдөө тууштай байж алдартай балетчин болоорой гэж ерөөе.

-Маш их баярлалаа. Намайг ийм сайхан мөрөөдөлтэй болгож, мөрөөдөлдөө хүрэхэд   дэмжиж, зоригжуулж, үргэлж миний хажууд байдаг ээждээ маш их баярлалаа. Мөн “Цөмөөхэй” балетыг Монголдоо тоглуулж бидэнд ийм сайхан боломжийг олгож өгсөн Алтанхуяг багшдаа баярлалаа, Бэлтгэл сургуулилтыг нарийвчлан зааж зөвлөж өгдөг Жаргалан багшдаа маш их баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Гоо сайхандаа анхаарахад чиньTenger Bella beauty тусална...

Үзсэн: 482019-07-18 23:32

Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд А.Энхтуу...

Үзсэн: 532019-06-26 07:28

Польш дахь монголчууд “Миний Монгол наадам” баярын арга хэмж...

Үзсэн: 732019-06-19 08:10

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.