Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг Байнгын хороо дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.01.09) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хуулийн төслийн талаарх илтгэлдээ, УИХ-ын 40 орчим гишүүн УИХ-ын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгийг танилцуулав.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, Б.Наранхүү, М.Энхболд, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар үг хэлж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд Ерөнхийлөгчөөс санаачилж өргөн мэдүүлсэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүн санал нэгтэй дэмжлээ. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай зөвлө...

Үзсэн: 118 цаг 47 минутын өмнө

“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах талбай ү...

Үзсэн: 118 цаг 52 минутын өмнө

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж б...

Үзсэн: 118 цаг 59 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.