“Капелла”-гийн тайзнаа морин хуурын гайхамшиг, монгол бүжгийн цог залийг гайхууллаа

-ОХУ-ын соёл, урлагийн нийслэл гэгддэг Санкт-Петербург хотноо энэ сарын 9-10-нд Монголын соёлын өдрүүд амжилттай болж өндөрлөсөн юм-

Монголын брэнд чухам юу вэ гэсэн асуултад бид өөрсдөө хариулт хайж, экспортод гаргах элдэв бүтээгдэхүүний эрэлд гардаг ч гадныханд ганц хариулт тодорхой харагддагийг мэдэх билүү... Монголын урлаг, өв соёл бол тэр чигтээ дахин давтагдашгүй брэнд юм гэж тэдний хэлдэгт уг нь маш том үнэлэмж, үнэ цэн бий...

Дипломат харилцаа, хамтын ажиллагаа бүхий улс орнууддаа тодорхой ээлж дараатайгаар зохион байгуулдаг “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ бол ердийн нэг концерт бус харин үндэсний өв соёл, урлаг хэмээх тэрхүү брэндээ таниулах, магадгүй гайхуулах бодлого юм гэдгийг энэ удаад ОХУ-ын Санкт-Петербург хотын Капелла театрт болсон монголчуудын тоглолт нотлох шиг боллоо.

 

Оросын төдийгүй Европын соёл, урлагийн нийслэл гэгддэг Санкт-Петербург хотын алдарт Капелла театрт Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга, Монголын үндэсний урлагийн их театрын бүжигчид,  Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид анх удаа тоглолтоо тавьж, үзэгчдийг цаг хагасын турш догдлуулсан юм. Энэхүү тоглолт нь энэ сарын 9-10 өдрүүдэд Санкт-Петербург хотноо болсон “Монголын соёлын өдрүүд”-ийн хөтөлбөрийн нэг хэсэг байлаа.

Оросын хаадын тайз гэгддэг Капелла театрын өнөөгийн барилга 150 гаруй жилийн настай. Харин Капелла хэмээх урлагийн академийн суурь 300 гаруй жилийн өмнө тавигдсан, дэг жаяг бүхий ойлголт юм. Капелла театрын тайзнаа гарахад ямар нэг бичлэг, тэрчлэн микрофон ашиглах ёсгүй. Хөгжимд суурилсан бүтээлд зориулагдсан энэхүү тайз нь Оросын ард түмний нандигнан хайрладаг ариун тайзын нэг бөгөөд тэр тавцанд гарч зогсох нь тийм амар олддоггүй тавилан гэх нь бий. Санкт-Петербург хот энэ удаад Монголын морин хуурын оркестрт энэхүү тайзаа тавьж өглөө. Тэд дэлхийн болон Монголын сонгодгуудын хөгжмийн бүтээлүүдийг эгшиглүүлж, Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Ц.Түмэнжаргал “Үлэмжийн чанар”-ыг дуурсгаж, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Маринский театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар хоолойн цараагаа гайхуулж, Үндэсний урлагийн теартын бүжигчид монгол бүжгийн цог залийг илтгэлээ. Хэдий Капелла театрын тайз бүжигт зориулагдаагүй ч бүжигчдээрээ тайзыг чимж чадсан. Зарим үзэгчид өөр зуураа “Монголчууд Капеллад бүжиглэсэн гээд бод доо... Нээрээ юу, бүжиг үү?!” гэхчилэн шагшилцадгаасан байх аа.

Морин хуурын чуулга энэхүү тайзнаа хөгжмийн томоохон хэлбэрийн бүтээлүүдийг эгшиглүүлсний дунд хөгжимчдийн ур чадварыг сорьдог Давид Поперын “Унгар рапсоди”-ийг ширмэн цартай морин хуураар, З.Хангалын морин хуурын концертыг модон цартай хуураар тоглолоо. Капелла театрын тайзны шид увидас юунд байгааг Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан тодорхойлохдоо “Дуу, хөгжим нь ялгарч сонсогддог. Акустикаа зөв тооцож, цэвэр төгс гүйцэтгэхийг шаарддаг юм байна” гэж хэлсэн. Олон улсын тэмцээн уралдаан, нэр хүнд бүхий тоглолтуудыг хүлээн авдаг уг тайзны ид шид нь, Оросуудын хэдэн зуунаар ур ухаанаа шингээсэн хөдөлмөр, өв соёл нь үүндээ л байдаг юм болов уу. Энэхүү тайзнаа эгшиглүүлсэн бүтээлүүдийнхээ талаар Д.Түвшинсайхан “Академик хэлбэрийн томоохон бүтээлүүд” гэсэн тодорхойлолтыг хэлсэн. Уг тоглолтын найруулагчаар Монгол Улсын филармонийн ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын урлаг судлаач С.Сүхбаатар ажилласан юм.

Тоглолтын дараа үзэгчид танхимыг орхин гарах гэж яарсангүй. Үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Жил болгон ОХУ-д зохион байгуулагддаг Соёлын форумд зочноор оролцох санал тавиад байсан манай хүсэлтийг судалж үзэхээ Оросын тал Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдад уламжилжээ.

“Капелла” тайз Монголын үндэсний урлаг, тэр дундаа морин хуурын гайхамшгийг Санкт-Петербургчуудад мэдрүүлсэн хэрэг биз ээ. Дэлхийн соёлын нийслэлүүдийн нэг болох энэхүү эртний хот барилга байгууламжаасаа эхлээд хүмүүсийнх нь оюун ухаан, хандлага, амьдралын хэв маяг нь бүхэлдээ соёлын өв дээрээ суурилсан гэлтэй. Соёлыг бүтээгч, түгээгч уламжлалтай эндхийнхний сэтгэлийг татахуйц, сэтгэгдэл төрүүлэхүйц, тоогдохуйц урлагийн бүтээл толилуулна гэдэг өндөр шалгуур байсан гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн газрын дарга Б.Сэргэлэн өгүүлсэн юм. Тэнд юу үзүүлэх вэ гэдэг асуултад зоригтойгоор Морин хуурын чуулгыг сонгосноо тэрбээр хэлээд тоглолтыг ардын бүжиг, дуу, дуурийн урлагаар чимж, бүтэн цогц утга санааг илэрхийлэх шийдэлд хүрсэн гэв.

Уугуул үндэстэн бүхий улс оронд олон зууны турш уламжлан хөгжүүлж ирсэн соёл, урлаг нь төрийн бодлогынх нь нэг хэсэг байдаг учраас соёл хариуцсан тусдаа бие даасан яамтай байдаг жишиг бий. Монголчууд бол тийм уугуул үндэстэн, өв соёлын уламжлал, түүхтэй ард түмэн, үүгээрээ дамжуулан дэлхий дахинд  өөрсдийгөө таниулах, бусдын хүндлэлийг татах, харилцан ойлголцлыг  нэмэгдүүлэх хүч болгон ашиглах бололцоо бий... Б.Сэргэлэнгийн хэлснээр “Нэгэн цагт морины хурд, хүчээр дэлхийг байлдан дагуулж, айлган цочоож явсан монголчууд өнөө цагт морин хуурын аялгуу чавхдасаар дэлхийг уяраан догдлуулах” бололцоотой. 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам энэ жил Санкт-Петербургт зохион байгуулсан “Монголын соёлын өдрүүд”-ийг урлагийн тоглолтоор хязгаарласангүй. Монголын түүх, бичиг соёлын өв, дурсгал, соёл урлагийг цогцоор нь нээж харуулахыг зорьжээ. Тэр дундаа Оростой, Санкт-Петербургтэй холбогдох түүх, уламжлалын жимээр үүнийгээ илэрхийлэхийг зорьсон. Тийм ч учраас энэ удаагийн “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг Халхголын ялалтын 80 жилийн түүхэн ойн хүндэтгэл ёслолын нэг хэсэг гэж үзжээ.

Монгол-Зөвлөлтийн улаан армийн Халхын голд байгуулсан ялалт түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн, үнэ цэнэ нь чухам юу байв гэдгийг цаг хугацаа холдон одох тусмаа улам тодруулж, хоёр орны хамтын түүх, нөхөрлөлийг үргэлж сануулдгийг ч зохион байгуулагчид дурдсан юм. Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ахалж буй. “Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд нийт найман арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм. Тодруулбал, “Өнөөдрийн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн, Капелла театр дахь Морин хуурын чуулгын тоглолт, “Цагаан шөнө” задгай талбайн тоглолт, “Петербург Монгол судлалын ууган төв болох нь” эрдэм шинжилгээний хурал, гар бичмэлийн үзэсгэлэн, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн Дорно дахин судлалын дээд сургуулийн Монгол, Төвд судлалын тэнхимийн төгсөгчдийн ёслолын арга хэмжээ, Рерихийн музейд Улаанбаатар хотын түүхээс сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн, Петр хааны музей “Кунц камер”-т Халхголын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Мөнх хөх тэнгэрийн орон” дүрслэх урлагийн үзэсгэлэнг тус тус зохион байгууллаа.

Мөн Капелла театрын танхимд “Өнөөгийн Улаанбаатар” үзэсгэлэнг дэлгэсэн юм.  Монголын нэрт гэрэл зурагчдын нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, Улаанбаатар хотын түүхийн музейн захирал С.Цацралт өөрийнхөө болон бусад гэрэл зурагчдын нийт 50 зургийг үзэсгэлэндээ сонгожээ. Өнөөдрийн Улаанбаатарын өнгө төрх, үйл явдлууд, хүмүүс, түүх гээд олон сэдвээр үзэсгэлэнгийнхээ агуулгыг баяжуулсан байлаа.  

Эх сурвалж: 

З.Боргилмаа

Өглөөний сонин, 2019.06.14 №57/2928/