Ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээг соёрхон батлав

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Засгийн газраас өнгөрсөн 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн  "Гэрээ соёрхон батлах тухай" хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.  

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 7 гэрээ (БНХАУ, БНСУ, БНЭУ, Канад, БНКазахстан Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макао), мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ (Орос, Турк, Польш, Куба) байгуулжээ. Манай улс БНСВУ-тай “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г Улаанбаатар хотноо 2000 онд байгуулсан байна.  

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ" нь 19 зүйлтэй юм. Гэрээний төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газраас санал авч Вьетнамын талтай удаа дараа техникийн болон зарчмын саналуудыг харилцан солилцсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сард Вьетнамын талын төлөөлөгчидтэй Улаанбаатар хотод хэлэлцээр хийж тус гэрээний төслийг үзэглэжээ. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар Ханой хотноо тус гэрээнд гарын үсэг зуржээ.

Мөн уг хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Бат-Эрдэнэ нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм.  Одоогийн байдлаар манай улсад Вьетнам Улсын 2 иргэн ял эдэлж байгаа, харин Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй. Вьетнам Улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг. Манай улсад 407 вьетнам иргэн амьдарч байгаагаас 279 нь хөдөлмөр эрхлэх визтэй гэсэн мэдээллийг ажлын хэсгээс өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж баталлаа.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

АН-ын дарга С.Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийлээ

Үзсэн: 33 цаг 5 минутын өмнө

Байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно

Үзсэн: 014 цаг 38 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана

Үзсэн: 014 цаг 4 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.