Уншигч та бүхэнд бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга  Б.Саранчимэг оролцсоныг хүргэж байна.
-Зуун асуулт нэвтрүүлгээрээ найман жилийн дараа дахин уулзаж байна. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Хаваржаа тавлаг уу, таны ажил сайн уу?
Баярлалаа. Хаваржаа сайхан байна. Нэвтрүүлгийн урилга хүлээн аваад найман жилийн өмнөх ярилцлагаа бас харж байлаа. Тэр үеийн үзэл баримтлалаа одоо ч ажил, амьдралдаа хэрэгжүүлж яваагаараа бахархаж суулаа.
-Тэгэлгүй яах вэ. Уламжлал ёсоор ярилцлагын туршид би танаас зуун асуултыг асууж, та надад зуун хариултыг өгөх нь ээ. Эхний асуулт бол өөрийгөө уншигчдад танилцуулна уу?
Намайг Батсүхийн Саранчимэг гэдэг. Дундговь аймгийн Мандалговь сумд төрсөн. Миний аав, ээж Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадын уугуул. Ханьтайгаа 35 жил ханилж байна. 1970-аад оны алдарт “Жонон хонгор” дуугаараа алдаршсан гавьяат Дашням гуайн ганц хүүтэй сууж, хоёр сайхан хүү төрүүлсэн. Хүүтэй бол охинтой гэдэг шиг мөн сайхан хоёр охинтой болсон байна.
-Та говь нутгийн бүсгүй байна шүү дээ. Таны хүүхэд нас мөн сайхан говь нутагт өнгөрсөн байх. Бага насныхаа нандин дурсамжуудаас хуваалцаач.
Миний бага нас маш дурсамжтай сайхан өнгөрсөн. Би гурван дүүтэй айлын том охин. Дундговь аймгийн нэгдүгээр арван жилд суралцаж 365 хүүхдээс түрүүлж алтан медальтай төгсөж байлаа. Улмаар аймгаасаа анх удаа компьютерын инженер мэргэжлээр суралцахаар явж байлаа. Зуны амралтаараа эмээ, өвөөгийндөө очиж мал маллана. Сүү цагаан идээ, ааруул, ээзгий хийнэ. Эмээ минь хүүхдэд их сайхан урам өгдөг байж дээ. Хүүхэд чинь түүнд их урам орж эмээгийнхээ ажилд их тусалдаг байлаа. Хүүхэд багын сурсан мэдсэн бүхэн маань ч өнөөдөр миний ахуй амьдралд хэрэг болсоор л байна. Говийн ахуй амьдрал ер их сайхан. Нар шингэх мөчид гэрийнхээ сүүдэрт гэр бүлээрээ тойрч суугаад борцтой хоолоо иднэ гэдэг бол тансаглал шүү дээ
-Та алтан медальтай төгслөө гэж ярилаа. Таны үед л ер нь алтан медаль гэж байв уу. Миний үед тэгээд бараг байхгүй болсон. “Арвын алтан медаль” гэж ер нь ямар эд байсан юм бэ.
Дээрээ дугаартай гэх үү дээ. Бид чинь дөчин улирал сурдаг шүү дээ. Нэг ч сайн аваагүй хүүхдийг бас медальтай төгсгөдөг боломжийг Боловсролын яамнаас олгодог болсон юм билээ. Бидний үеэс хойш ч алтан медаль хэсэг олгодог байсан. Гэхдээ тэр нь бол шууд сургуульд ордог. Бид бол алтан медальтай байсан ч заавал конкурс өгч байж сургуулиа авдаг байлаа.
-Алтан медальтай төгссөн юм чинь ирсэн хуваарийг хамгийн түрүүлж сонгож, шилж авна гэсэн үг үү?
Аав маань эдийн засагч, ээж маань эм зүйч мэргэжилтэй хүн байсан. Аав маань “миний охинд, удирдлагын автоматчилагдсан систем” гэх мэргэжил ирээдүйд их хэрэг болно. Гок-д л ганц энэ мэргэжил байгаа” гэж зөвлөөд. 1986 онд аравдугаар ангиа төгсөхдөө гэр бүлээрээ ярилцаад сонгож байсан. Улмаар ОХУ-ын Новосибирьск хотод суралцаад төгсөж байсан.
 -1986 он гэдэг бол компьютер гэдэг ч их л хол зүйл байсан байх 1986 онд хэрэглээнд компьютер ч гэж байхгүй байсан.
Эрдэнэт үйлдвэр, ГОК-д л хэрэглэдэг. Аав, ээж маань надад бүр зориулж Эрдэнэт үйлдвэрт очиж удирдлагын автоматчилагдсан систем гэдэг зүйлийг үзүүлж байлаа. Тэр үеийн компьютер гэдэг чинь маш том хэмжээтэй, ханаараа дүүрэн дэлгэж л байна шүү  дээ. Одоо бол техник, технологи асар хурдацтай хөгжсөн байна.
-Уг мэргэжлийг сонгосондоо эргэлзэж байсан тохиолдол бий юу танд
Үгүй. Би нэгдүгээр арван жилийн сургуулийг Түвдэн багштай математикийн ангид төгсөж байлаа. Математикийн хичээлийг маш их гүнзгийрүүлж үзэж байсан юм билээ. ОХУ-д очсон хойно заадаг байсан хэрэглээний математикийн хичээлийг арван жилийн сурагч байхдаа үзчихсэн байх жишээтэй. Тухайн үед социалист орнуудад борлуулагддаг байсан математикийн бодлого нийтлүүлдэг сэтгүүлд удаа дараа нэрлэгдэж байлаа. Их сургуулийн багш байсан Гончигдорж багш маань “Хөөх, Дундговийн охин Монголын нэрийг дэлхийд гаргаж явна” гээд надад урам хайрлаж, баяр хүргэж байсан.
Бидний багад бол гаднын орнуудаас ОХУ-д л очиж суралцах боломж байлаа шүү дээ. Дөрөвдүгээр ангиасаа эхлээд л орос хэл үздэг. Англи хэл сурах боломжгүй, ямар ч ойлгомжгүй л байсан. Мөн хүний нөөцийн бодлого ч их тодорхой байсан. Их сургуулиа онц сайн төгссөн гээд Монгол Улсын Их хурлын тамгын газраас ажлын гараагаа эхэлж байлаа.
-Таныг “эко хатагтай” гээд байгаа шүү дээ. Тэр ч утгаар нь байгаль орчин чиглэлийн мэргэжилтэй болов уу гэж бодтол бүр эсрэгээрээ байж. Анх тамгын газарт мэргэжлээрээ ажилласан уу.
Тухайн үед мэргэжлээрээ ажиллаж эхлэхэд манай сургуулийг төгссөн Ганболд бид хоёр хоёулхнаа байсан. Тэр ч утгаараа бид хамтарч ажиллаад анхны их хурлын дотоод сүлжээ, анхны веб хуудсыг хийж байлаа. Яг веб хуудасны ажлыг гардан гүйцэтгэж байхдаа “УИХ-ын веб хуудас юу гэж эхлэх вэ” гэж бодсон юм. Тэгээд ямартай ч төрийн далбаа намирч байх ёстой гэж бодсон. Одоо бол хаанаас ч гэсэн анимэйшн зураг татаад авч болно. Тухайн үед би хийсэж байгаа зураг хийхийн тулд html-ээр программ бичиж эхэлж байсан. Дараа нь төрийн байгууллагын хэмжээнд болж байсан веб хуудас бүтээх уралдаанд миний веб хуудас түрүүлж байсан.  Энэ мэргэжлээрээ долоон жил ажиллаад цаашид ч суралцах ёстой гэж шийдээд АНУ-руу явж байлаа.
  -Тантай холбоотой Боловсролын зээлийн сангийн асуудал гараад байсан шүү дээ. Уг асуудал энэ Америк явсантай холбоотой юу. Хэдэн онд сурахаар явж байсан бэ.
1999 он. Тэр үед гучин нас л хүрч байлаа. Тэр үед, үнэхээр сургуульдаа тэнцсэн сурагч тэтгэлэг авах боломж олдсон. Гадаадад суралцана гэдэг маш хэцүү байлаа шүү дээ. Англи хэлтэй хүн ховор, дээрээс нь тэр мэдээллийг олж авна гэдэг их ховор. Сургуулиа судлаад тийш нь мэйл бичиж байгаа юм. Тэр мэйл ээ датаком дээр очиж бичээд, хариуг нь долоон хоногийн дараа ирдэг байлаа. Сургуульдаа тэнцэхийн тулд удаан хугацаанд бэлдсэн, мөн тэнцэж чадсан. Тэр ч утгаараа улсын тэтгэлэг авч суралцахаар болсон. Тухайн үед мэргэжлээрээ тухайн улсад сураад, эх орондоо ирсний дараа мэргэжлээрээ гурван жил ажиллана гэдэг заалттай байсан. Миний бие ч уг шаардлагыг бүрэн гүйцэт биелүүлсэн.
-Эргээд төлсөн гэдэг асуудал бас яригдаж байсан.
Зээл, тэтгэлэг гэдэг бол хоёр өөр асуудал л даа. Тухайн үед суралцаж ирээд тэтгэлгийн гэрээний дагуух үүргээ би биелүүлж улсдаа гурван жил ажилласан. Гэсэн хэдий ч би суралцсан хугацааны төлбөрөө төлсөн. Нэг ч гэсэн хүүхдэд боломж бэлэглэх гэсэн дээ тэр шүү дээ.
-Одоо бол өөр болсон байна шүү дээ. Мэдээлэл, олон нийтэд ойр байдаг хүмүүс, сайд дарга нарын хүүхдүүд сурахаар явчихлаа гээд л хэл ам болоод байгаа.
Ерөнхийлөгч маань үнэхээр чадвартай, мэдлэгтэй сурагчдын боломжийг нээж, олон сайхан тэтгэлэг зарлаж байна. Үүнтэй адил бас нэгэн том боломжийг олгосон. Мөн сургуульд тэнцэнэ гэдэг бол маш том шалгуур байлаа. Одоогийнх шиг англи хэлтэй хүүхэд ховор, цахим хэрэглээ хөгжөөгүй байсан үед онлайнаар шалгаруулалтад оролцож тэнцэнэ гэдэг бол маш их бэлтгэл, хичээл зүтгэл шаардаж байлаа. тэр хичээл зүтгэл минь ч талаар болоогүй, сургуулиас маань тэнцсэн гэсэн урилга ирж байлаа. Хүссэн сургуулиасаа урилга авсан тэр үе миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг.
Америк бол миний хувьд цоо шинэ орчин, нүд нээсэн их том алхам болж байлаа. Тэнд сурсан зүйлээ монголдоо хэрэгжүүлж, үр өгөөжийг нь гаргах юм сан гэсэн хүсэл дүүрэн сурсан даа. Тэр тусмаа тэндхийн ногоон байгууламжууд, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг эх орондоо байгуулах юм сан гэж хүссэн. Хүсэл маань өнөөдөр бага ч гэсэн биелсэнд баярладаг.
-Одоогийн цэцэрлэгт хүрээлэнг та анх төсөл байх үед нь төслийн удирдагчаар ажиллааж байсан санагдаж байна. Тухайн үед газар дээрээ нөхцөл байдал ер нь хэр байсан юм бэ. Одоо бол цэцэрлэгт хүрээлэн сайхан л байгаа.
2008 онд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр анх сонгогдсон. Тэр үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг гаргалцаж байсан. Улмаар 2010 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар томилогдож байлаа.  Тэр үед бараг хашаа ч байхгүй, төлөвлөлтгүй, дэд бүтэцгүй байв. 27 ажилтантай, таван бээлий, таван  хүрзтэй л ажлаа эхэлж байсан юм.
Ийнхүү шороо боссон эзгүй газар шинжлэх ухааны суурьтай судалгаа хийж, ажлаа хэлээд таван жилийн дараа иргэдийн очдог газар болгож чадсан. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа эзэлдэг. 170,000 гаруй модыг тарьж ургуулсан, үндэсний хэмжээний том усан оргилуур тэнд бий болсон. Мөн Япон, Солонгос, Хятад зэрэг улсуудад ажилтан, мэргэжилтнүүдээ бэлтгэж сургадаг байлаа.   Ингээд сурсан мэдсэнээ ашиглаад гаднын улс орноос долоон тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэхүү бүтээн байгуулалтад авч ирж чадсан байдаг юм.
-Тэр үеэс л та “эко” гэх нэрээ олж авсан юм шиг байна.
Америкт анх суралцахаар очоод нүд ээ нээж, энэ их хөгжил цэцэглэлээс эх орондоо аваачих юм сан гэж бодож байсны минь нэгээхэн биелэл бол энэхүү цэцэрлэгт хүрээлэн. Мөн цаашилбал УИХ-ын гишүүн болоод БЗД-ийн нутаг дэвсгэрт нэгэн хог шороо дүүрчихсэн, архичид цуглардаг болчихсон байсан газрыг хотын удирдлагуудтай хамтарч сайхан цэцэрлэгт хүрээлэн болгож чадсан. Говьд ч мөн бичил цэцэрлэгт хүрээлэнг бий болгосон. Энэ бүхнийг эргээд харахад сайхан байдаг. Цаашид ч гэсэн энэ үйл хэрэг маань үргэлжлэх болно. Маш олон зүйлийг ч төлөвлөсөн.
Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороон даргын хувьд ч говийн бүс нутгийн ундны ус, цөлжилт, ногоон байгууламж зэрэг үйл хэргүүдэд хувь нэмрээ оруулж байгаа, цаашид ч оруулсаар байх болно.
-Говь нутгийн бүсгүйн хувьд, говь нутгийнхаа тухай санаа зовниж явдаг зүйл олон байх.  Олон ч асуудал байх л юм. Тэр дундаа цөлжилт гэж асуудал байна. Үүн дээр бас таны бодлыг сонсъё. Алга урвуулах шиг алга болгох нь хэцүү ч гэлээ. Ямар арга зам байгаа юм бэ.
Монгол Улсын төдийгүй дэлхийд тулгамдаж буй асуудал бол цөлжилт. Манай улсын газар нутгийн дал гаруй хувь нь ямар нэгэн байдлаар доройтсон байна. Үүнд хамгийн түрүүнд анхаарах нь зүйтэй учраас Бэлчээрийн тухай хуулийг санаачилсан. Малчид уг хуулийг ойлгохгүйгээр, Бэлчээрийн хууль байх ёсгүй мэт ойлгодог байсан бол энэ удаагийн хэлэлцүүлгээр сайтар боловсруулж тэднийхээ саналыг тусгасан. Энэ бол нэлээн чухал хууль гарна гэж бодож байна. Цөлжилтийг бууруулахыг тулд ногоон байгууламжийг бий болгох ёстой. Ногоон байгууламжийг бий болгоход усны асуудлыг шийдэх ёстой.
-Бэлчээрийн тухай хуулийг хар ухаанаар бодоход малчдын бэлчээрийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, цэгцэлнэ л гэж ойлгогдож байна. Яг үнэн хэрэгтээ энэхүү хуулийн амин сүнс нь юунд байгаа юм бэ.
Мал бол хувийн өмч, газар бол улсын өмч. Цөлжилтийг бууруулахын тулд мал аа чанартай байлгах, бэлчээрээ хайрлаж хамгаалах, харилцан ойлголцож ажиллах эрхзүйн орчин бүрдүүлэхэд л анхаарч ажиллаж байна.
-Хятад, Өвөрмонголчууд өөрсдийнхөө говьд янз бүрийн аргаар мод тарьж ургуулаад түүнийгээ олон аргаар сурталчилж байгаа харагддаг. Манай талаас бол говьд мод тарина гэж ганц дуугарч яваа хүн бол та. Ер нь манай говьд мод хэр ургахаар байна вэ.
Өмнөговьд тариад, ургуулчихсан жишээ байгаа. Цаашилбал Бага газрын чулуунд өөрийн хөрөнгөөр 500 модыг үрээр нь аваачиж суулгаад, хашаа усжуулалт, арчилгаа бүх зүйлийг нь шийдэж өгсөн. Тэгээд зургаан жилийн дараа очтол бүх мод нь зуун хувийн ургалттай, бүр надаас өндөр ургачихсан байсан. Анх тэнд мод тарих гэж байхдаа хөрсний доктор Батхишиг гуайг аваачиж судлуулж, төгөл байгуулж байлаа. Үндэс нь эвдрээгүй, судалгааны үндэслэлтэйгээр сонгосон модыг зөв арчилж ургуулбал амжилттай хөрс үүсдэг гэдгийг баталсан жишээ болсон.
-Байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа НҮБ-ийн ФАУ-тай хамтарч байсан ажлуудаас малчид руу, говийн бүс нутагт чиглэсэн ямар ямар ажил хийж байсан бэ.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын, Хөдөө аж ахуйн салбар манай улсад салбар аа нээгээд олон жил болж байна.  Төлөөлөгчөөр нь ахлуулсан маш том бага ажилладаг. Ганцхан говь гэлтгүй манай улсад маш олон төсөл, ажил хийж хэрэгжүүлсэн. Олон Улсын маш олон байгууллагуудтай хамтарч хөдөө аж ахуйн салбарыг сэргээхэд нэлээдгүй хувь нэмэр оруулсан гэж харж байгаа. Тэдгээрийн нэг жишээ бол маш олон боловсон хүчнийг бэлтгэж өгсөн. Нөгөө талаар хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал дээр их анхаарч сургалт судалгааны ажил, хөрөнгө оруулалтыг хийсэн.
Хамгийн сүүлд гэхэд залуу малчдад ноос хяргах шинэ төхөөрөмжийн сургалтыг явуулсан байна. Саальчдад мөн сүү саалиа эдийн засгийн эргэлтэд хэрхэн илүү сайн оруулах талаар зөвлөгөө, сургалт мэдээллийг өгсөн байна. Сүү, мах махан бүтээгдэхүүн, ингэний сүү зэргийг шинэчлэгдсэн технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах талаарх ажлууд нь иргэдийн амьдралд шууд үр дүнгээ өгөхүйц хэмжээний болж чадсан. Монголд Олон Улсын олон байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Тэр бүгдтэй хамтарч, эмэгтэйчүүд, байгаль орчин гэхчлэн салбаруудад олон ажлыг гүйцэтгэдэг. Хамгийн сүүлд гэхэд НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран говийн бүсэд ажилласан. Дундговь аймгийн хувьд гал унтраадаг дроныг бүтээж өгөхийг хүссэн.

-Говь нутаг уул уурхайгаас гадна юунд дээр тулгуурлан хөгжих боломжтой байна вэ.
Говийн бүс дөрвөн том боомттой. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Замын-Үүдийн боомт гэхэд буцалтгүй тусламжаар 70 хувийг, үлдсэн хувийг нь Засгийн газраас гаргаж маш орчин үеийн, шинэлэг, хорин дөрвөн цагийн үйл ажиллагаатай болголоо. Дан ганц нүүрс, уул уурхай гэлтгүй амьдралд ойрхон худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын ч мөн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Засгийн газраас Боомтын сэргэлтийн хүрээнд ч мөн бусад боомтуудыг хөгжүүлэх хэрэгтэй. Монгол дахь НҮБ-ийн Хөдөө аж ахуйн газрынхан хөрөнгө оруулалт хийхээс гадна, хүний нөөц, хууль эрх зүйн орчныг сайжруулахад мөн их хувь нэмэр оруулсан юм.
-Та эмэгтэйчүүдийн байгууллагатай мөх их хамтарч ажилладаг харагддаг шүү дээ.
Нийслэлийн Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны даргаар 13 жил ажилласан байна. Олон улсын парламентын холбоо гэж 186 орныг хамарсан байгууллага бий. Хорин жилийн дараа энэхүү байгууллагын эмэгтэйчүүдийн хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн өнгөрсөн сард 186 орны гишүүдээс шилдэг 10 гишүүний нэгээр шалгарсанд УИХ-ын дарга баяр хүргэж индэр дээрээс үг хэлсэн. Түүнд бас их олзуурхан баярла яваа. Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо улам их өргөжөөсэй гэж би бодож явдаг юм.
-“Шийдэмгий нүүдэл” гэх номыг тань уншсан. Шатарыг амьдралтай холбож их сонирхолтойгоор бичсэн байсан. Таныг ч мөн шатар сайн нүүдгийг мэднэ. Их ажлын хажуугаар шатар тоглож амжиж байна уу. Сүүлд ямар амжилт үзүүлсэн бэ. Ер нь парламентад нэлээн толгой цохих шатарчин байх шүү.
Шатар их сайхан спорт. Хүнд ер нь сурсан юм бүхэн эрдэм болдог, амьдралд нь хэрэг болдог. Бага байхдаа шатрын тэмцээнд их оролцож түрүүлдэг байлаа. Тухайн үед тавин төгрөгөөр шагнагдаж байж дээ. Мөн “БАНКЯ” шоколад өгдөг байсныг дүү нартайгаа хуваагаад л иднэ шүү дээ.
Сүүлд ОХУ-д суралцаж байхдаа шатрын тэмцээнд оролцож цол аваад олон сайхан найз нөхөдтэй болж байлаа. Дараагаар нь АНУ-д суралцаж байхдаа нөгөө найзуудтайгаа эргэн уулзаж байх жишээтэй.  УИХ-ын гишүүн болсны хойно ОХУ-д болсон парламентын гишүүдийн шатрын тэмцээнд эмэгтэйчүүдийн ангилалдаа түрүүлж байлаа.
Амьдрал ер нь шатартай их адилхан. Нэг зүйлийн төлөө тууштай хөдөлмөрлөж, хичээж байхад заавал үр дүн гардаг. Тэр ч утгаараа энэхүү номоо бичсэн. Энэ бол миний хоёр дахь ном. Саяхан бестселлер болсны дараагаар нь англи хэлнээ мөн хөрвүүлэн хэвлүүлсэн.  Анхны ном маань “Ногоон ном” гэх нэртэй байсан. Агуулга нь бол байгаль дэлхийгээ хайрлах монгол арга ухааныг өвлүүлэн үлдээх. Байгаль дэлхийгээ хайрлах үйл хэрэгт тус дэм болох л зорилготой. Одооч гэсэн хүүхэд багачуудын дунд уншигдаж байгаа.
Олон зуун хүүхдэд шатар сурах хүсэл мөрөөдлийг асааж өгсөн ном болсон тухай уншигчид маань надад хэлдэг. 30 мянган хүүхдийг шатаржуулсан. Баянзүрх дүүрэгт Ногоон бэрс клубийн 10-аад мянган хүүхдийг мөн шатаржуулсан. Улмаар Говьсүмбэр, Дундговь аймгийн шатрын холбооноос санал ирж тус аймгуудын хүүхдүүдийг бүрэн шатаржуулж өгсөн байгаа. Ногоон бэрс клубт шатраар хичээллэдэг, мөн амжилт гаргасан олон хүүхэд надтай уулзаж талархлаа илэрхийлж байсан. Энэ бол миний ажил мэргэжлээс гадна сонирхлоороо хийдэг зүйл маань. Ирээдүй болсон хүүхэд багачуудыгаа гар утсанд биш оюуны их спортод улам хайртай болоосой гэж хүсдэг дээ.
-УИХ-ын гишүүдийн дунд бас тэмцээнд болдог санагдаж байна.
Жил бүр Цэцэн түшээ гэж шалгаруулдаг. Түүнд бас хэд хэдэн удаа “Цэцэн түшээ” цол хүртэж байлаа.
УИХ-ын дарга Занданшатар бол бас их шатарчин  хүн. Хүүхэд багачуудыг сургахад ихэд анхаарч ажилладаг шүү дээ. УИХ-д шатрын лобби бүлэг гэж байдаг. Анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг байсан. Одоогоор миний бие ахалж байгаа. Мөн улсын хэмжээнд шатрын ордонтой болж байгаа.  
-Сайхан ажил байна. Хамгийн сүүлд та УИХ-д ямар хууль санаачилж өргөн барьсан бэ.
Малчин өрхийн хоршооны тухай хууль юм. Нэлээд олон гишүүн хамтарч санаачилж өргөн барьсан. Одоо хамтран хэлэлцээд явж байна. Энэ бол их чухал хууль. Өнгөрсөн өвөл нэлээдгүй хүнд боллоо.
УИХ-д малчдын хууль эрх зүйн байдлыг сайжруулах хэд хэдэн хууль орж ирж байгаа. Сайн дурын үндсэн дээр өөрсдөө хоршоог бий болгох, түүнийг нь төрөөс дэмжих зэрэг асуудал яригдаж үүнд нь таван их наяд төгрөгийн төсөв эхний ээлжид яригдаж байна. Зудтай хүнд хэцүү цаг үед ч хамтран даван туулах боломжийг бий болгосон хуулийн төсөл юм. Цаашид байгаль орчин, говийн усны асуудал, цөлжилт, малын бэлчээрийн асуудалд эхлүүлсэн ажлаа дуусгана. Мөн говийн иргэд маань улсынхаа эдийн засгийг бүрдүүлж байгаа шиг ээ сайхан амьдардаг цаг үеийг бүтээх болно. Сэтгэл зовж явдаг олон асуудлыг шийдэхийн төлөө, говийн бүсийн хөгжлийн төлөө үргэлж ажиллах болно.
-Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны ажил, амьдралд сайн бүхнийг хүсье.
Баярлалаа, нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэнд ч талархлаа. Ажлын амжилт хүсье.
 
Бүтэн бичлэг үзэх:
 

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа