Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Шинэ нисэхийн бүсэд 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Хүннү хотын цахилгаан, ус, дулаан хангамж, үерийн хамгаалалтын суваг, мэдээлэл холбоо, ариутгах татуургын ажил зэрэг дэд бүтцийн ажлыг үе шаттай эхлүүлж байна. Тухайн байршилд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ажиллаж, Хүннү хотын нутаг дэвсгэрт баригдаж буй Сэргэлэн дэд станц болон бусад бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Сэргэлэн дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна. Тус станцын бүтээн байгуулалтын хүрээнд мөн 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станцыг барина. Улаанбаатар хотоос энэ сард багтааж эцсийн гүйцэтгэгчийг шалгаруулна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сэргэлэн дэд станцыг Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станц болгон хөгжүүлэх нь нийслэлийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах стратегийн чухал ач холбогдолтойг онцлов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна. Тус станц нь баруун талдаа Сонгинохайрхан дэд станц, зүүн талдаа Налайхын дэд станцтай холбогдож, хотын эрчим хүч дамжуулах транзит станц байх юм. Мөн Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт-ын батарей хуримтлуурын станцыг барина. Оргил ачааллын үед эрчим хүчний ачааллаас хуваалцах тус төслийн гүйцэтгэгчийг энэ сард багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлээр шалгаруулна. Мөн дээрх 90 МВт батарей хуримтлуурын станцыг Сэргэлэн дэд станцтай холбож, дутагдаж буй эрчим хүчний хэрэглээнд бодит хувь нэмрээ оруулна” гэлээ.

Ташрамд, Монгол Улсын эрчим хүчний ачаалал жил бүр 11-15 хувиар нэмэгдэж байна. Улаанбаатар хот цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангах хүрээнд Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуулын станцыг ашиглалтад оруулсан. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард Дулааны тавдугаар цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна. Дээрх Сэргэлэн дэд станц, 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станцыг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотод эрчим хүчний хомсдол үүсэхгүй нөхцөл бүрдэх онцлогтой.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа