Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, 2020 оны 12 дугаар сарын нэгний өдөр дуусах байсан гамшгийн хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэх асуудлаар хэлэлцээд хатуу хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн 10 хоног сунгахаар болжээ.

Тодруулбал, тус хуралдаанаас халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймгуудын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг 12 дугаар сарын 01-ний 06:00 цагаас 11-ний өдрийн 06 цаг хүртэл хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдалд хэвээр үлдээхээр болсон байна.

Харин халдвар илрээгүй орон нутгийн хөл хорионы дэглэмийг сулруулж, өмнө нь мөрдөж байсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Энэ хугацаанд олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, спорт, урлаг, үзвэр үйлчилгээг хориглосон хэвээр байгаа юм.

Мөн дараах 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй. Үүнд:

1. Эрчим хүч

2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа,тээвэрлэлт түгээлт

3. Газрын тос

4. Хот суурин газрын усан хангамж

5. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл

6. Банк санхүү

7. Хэвлэл мэдээлэл,

8. Шуудан үйлчилгээ

9. Улсын онц чухал обьект

10. Гоо сайхны үйлдвэрлэл

11. Арьс шир боловсруулах үйлдвэрлэл

12. Хэвлэх үйлдвэр

13. Боловсруулах үйлдвэрлэлийн салбар

14. Бараа материалын цахим худалдаа, хүргэлт

15. Шүүх, нотариат

16. Оршуулга

17. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт

18. Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал

Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.mn сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа