Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

-    Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болов. Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй гэж үзлээ. 

-    Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа. Сан байгуулснаар байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах, боловсролын зээл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг энэ сангаас авах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

-    “Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер”-ын Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт кластер байгуулахаар төлөвлөж байна. Энд биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны төв байрлах бөгөөд 3,000 гаруй эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.

-   2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн буюу 155 мянган тн нөөцтэй. Үүнээс А-80 автобензин 66, АИ-92 автобензин 50, дизелийн түлш 32, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.  

Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.mn сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа