Зэвсэгт хүчний 2023-2024 оны сургуулийн жилийн нэгдүгээр шат төгсөж, нэгтгэл, анги, салбарууд хээрийн гаралт, полигоны дадлагыг зохион байгуулж, үндсэн салбаруудынхаа жигдрэлтийг хангаж байна.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиуд сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу нэгдсэн хээрийн гаралтыг энэ цаг үед амжилттай гүйцэтгэж байна. Ингэхдээ Улаанбаатар цэргийн хүрээ болон орон нутаг гэсэн хоёр хэлбэрээр буюу Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, 014, 119, 120, 326 дугаар ангиуд анх удаа нэгдсэн хээрийн гаралтыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байгаа юм.

Хуурай замын цэргийнхний нэгдсэн хээрийн гаралтын районд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр өнгөрсөн ням гарагт ажиллаж, хүн хүч, техник, зэвсэглэл, гүйцэтгэж буй үүргүүд болон хүн нэг бүр, тасаг тоотын бэлтгэл, салаа салбарын жигдрэлтийн явцтай танилцсан юм.

Нэгдсэн хээрийн гаралт нь өдөр бүр нэгдсэн төлөвлөгөөний сургалт бэлтгэлийг явуулж байгаа бөгөөд сургуулийн төгсгөлд хүч нэмэгдүүлсэн ротын байлдааны буудлагыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Нэгдсэн хээрийн гаралт, сургалт дадлагын онцлог, ач холбогдлын талаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяраас тодрууллаа. Тэрээр Хуурай замын цэргийн Улаанбаатар цэргийн хүрээний хээрийн байрлалын ахлагчаар ажиллаж байна.

Хээрийн гаралтын бэлтгэл жигдрэлт хангагдаж байна уу. Нэгдсэн байдлаар гарч байгаа онцлог, ач холбогдлын тухайд ярихгүй юу?

- Сургуулийн жилийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангийн хээрийн гаралтыг анх удаа нэгдсэн байдлаар зохион байгуулж байна. Энэ нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, анх удаа нэгдсэн байдлаар зохион байгуулсан нь төрөл мэргэжлийн ангиуд нэгнээсээ суралцах сургалтын том бааз болж байна.

Хоёрдугаарт, алба хаагчид бусад нэгтгэл, ангийн дайчин нөхдийн буудлагатай танилцаж, нэгнийхээ ажил үйлсээр бахархах үзлийг нэмэгдүүлж, нөхөрлөлийг нь бататгаж байна. Хэдий цэргийн алба хаагч ч гэсэн өөрийн нэгтгэл, ангиас өөр буудлага хараагүй, бусдынхаа гүйцэтгэдэг онцгой ажил үүргийг тэр бүр мэддэггүй байх нь бий. Хээрийн байрлалд гарч ирсэн Улаанбаатар цэргийн хүрээний хугацаат цэргийн алба хаагчдын хувьд бүр их сэтгэгдэл өндөр байна. Нэгдсэн сургалт дадлага эхэлснээс хойш дайчдын буудлага, жолоодлого нь мэргэн сайн байгааг дурдах учиртай.

- Төрөл мэргэжлийн зарим ангийн алба хаагчид хээрийн гаралтад мөн олон чиг үүрэгтэйгээр оролцож байгаа тухайд?

- Нэгдсэн байдлаар хээрийн гаралтаа зохион байгуулж байгаагийн хувьд бэлэн байдлаа дээшлүүлэх, нэгнээсээ суралцах чиглэлд нь түлхүү анхаарч байна. Тухайлбал, манай мотобуудлагын артиллер, зенитийн салбарууд мэргэжлийн ангиудтай хамтарсан сургалт дадлагыг явуулж байна. Энэ бол маш чухал. Нөгөө талаар зенитчдийн хувьд ч ялгаагүй үндсэн үүргийнхээ буудлагыг гүйцэтгэж, ур чадвараа нэмэгдүүлж байна.

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхны хувьд цацраг, хими, цэвэрлэгээний бүлэг болон химийн хангалтыг зохион байгуулж байгаа бол Зэвсэгт хүчний 014 дүгээр анги мини талбай байгуулах үндсэн үүргээсээ гадна инженерийн тусгай техниктэй Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн раойны зарим хэсгийн эвдэрсэн замыг засварлан шинэчилж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Хурандаа Ц.Буяндэлгэр нэгтгэл, ангиудын хүн нэг бүр, тасаг тоот, салаа салбарын сургалт дадлагын явцыг үзэж сонирхохын зэрэгцээ тэдний амрах байр, хоолны амт чанар, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдалтай нь танилцаж, зарим чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа