Үзэгч, сонсогч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал оролцож, ярилцсаныг хүргэе. 

-Өөрийнхөө талаар танилцуулна уу?

-Би Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Улаангом сумын нэгдүгээр арван жилийг төгссөн. Одоо эхнэр, гурван хүүхдийн хамт амьдарч байна.

-Арван жилийн сургуулиа төгсөөд, хувиараа хаана авсан бэ?

-Конкурсаа аймагтаа өгөөд, МУИС-иас ирсэн зургаан хуваарийн нэгийг авсан. Ийнхүү санхүү, эдийн засагч гэсэн мэргэжил эзэмшсэн. Энэ цагаас хойш Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна.

-Хүүхэд байхдаа ямар мэргэжилтй болно гэж боддог байв?

-Эрэгтэй хүүхэд болоод ч тэр үү багаасаа цэрэг, цагдаагийн хүн болно гэж боддог байсан. Бага ангийн багшийн нөхөр цагдаа. Энэ цаг үеэс л эр хүн гэдэг ийм гоё жавхаатай, сүртэй байх ёстой гэсэн бодол төрсөн. Конкурсаа өгчихөөд, цагдаагийн хуваарь авна гэж аав, ээжийгээ нэлээн сандаргасан. Гэхдээ аав, ээжийнхээ үгнээс зөрөөгүй, эдийн засгийн мэргэжил сонгосон. Одоо бодох нь ээ, их л холыг харсан зөвлөгөө байж дээ.

-Төрийн албанд хэчнээн жил ажилласан бэ?

-Төрийн албанд 20 орчим жил ажилласан байна. Шат шатны ажил хийж явсан. Анх Өрхийн амьжиргааг дэмжих үндэсний хөтөлбөрийн газарт мэргэжилтэн байсан. Дараа нь яаманд хэлтсийн дарга, хоёр яаманд газрын дарга хийж байсан. Хоёр агентлаг удирдаж ажиллаж байсан. Ийнхүү төрийн албанд 20 орчим жил, улсад 25 жил ажилласан.

-Дарга болохдоо хэдэн настай байв?

-Хэлтсийн дарга болохдоо 30 настай байсан.

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан байх аа?

-Тэр үед Төрийн өмчийн хороо гэдэг байсан. Монгол Улсын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өмч төрийн өмч давамгайлдаг байсан болохоор Төрийн өмчийн хороондоо харъяалагддаг байсан. 2012 оны нэгдүгээр сараас Төрийн өмчийн хорооны даргаар ажилласан.

-Таныг нэг үгээр өөрийгөө тодорхойл гэвэл?

-Зарчимч. Аав, ээж минь Аливаа юмыг ёс дүрмийнх нь дагуу хийж байгаарай” гэж өсгөж хүмүүжүүлсэн.

-Та өөрийнхөө юугаар илүү бахархдаг вэ?

-Өнөөдрийг хүртэл туулсан амьдрал, олж авсан мэдлэг, боловсролоороо бахархаж байна.

-МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд, дараа нь ямар сургуульд суралцсан бэ?

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Дараа нь АНУ-ын Жорж Массоны их сургуульд төрийн бодлогын магистрын зэрэг хамгаалсан. Ерөнхийдөө нийгмийн салбараар дагнаж суралцсан.

-Та ямар үг хэлэх дуртай вэ?

-Цагаа дагаад бусдад хэлж байсан үг өөрчлөгддөг юм байна. 40 нас гарчихаар сургамжийн маягийн үг хэлдэг болж байна. Сүүлийн үед хэлж байгаа үг гэвэл “Ганцаараа урагшаа тасарч алхсанаас бүгдээрээ нэг алхъя” гэдэг болсон. Тиймээс мэддэг, чаддаг зүйлээ бусдадаа хуваалцаж, хамтдаа л урагшилъя гэдэг.

-Таны үнэт зүйл юу вэ?

-Хамгийн үнэт зүйл мэдээж гэр бүл. Надаас салгаж үл болох, хамгийн их аз жаргалд умбуулдаг. Энэ хүмүүс байхгүй бол би өөрийгөө тодорхойлж чадахгүй.

-Шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ?

-Маш эерэгээр хүлээж авдаг. Сайнаар бол миний алдааг хэлж өгч байгаа гэсэн үг. Томоохон хэмжээний алдаанаас намайг хамгаалж байгаа юм. Муугаар бодвол миний мууг хайж байна гэсэн үг.

-Хүнийг хэр таньж чаддаг вэ?

-Хүнийг таньж мэдэхээсээ гадна тэр хүнд итгэл өгөх ёстой гэж боддог. Итгэл алддаг тохиолдол цөөнгүй гардаг болохоор 100 хувь хүн таньдаг гэж хэлэхгүй.

-Хувь хүний амжилтыг юу гэж боддог вэ?

-Амжилт бол хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс гардаг. Тиймээс хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах, бусдын итгэлийг хүлээж ажиллах гэдэг бол амжилтын эх үүсвэр байдаг.

-Сүүлийн үед юунд хамгийн ихээр суралцахыг хүсэж байна вэ?

-Суралцах зүйл их байна даа. Их сургуульд дахиж сурах зүйлүүд ч олон байна. Төрийн албаар ч нэлээд ажиллачихлаа. Ер нь хувийн хэвшлээр явбал яах бол, ямар чадварууд дутагдаж байна вэ. Төрийн албанд л гэхэд зөөлөн, хатуу ур чадвар гэж юу вэ гэх мэт сурах зүйл их байна. Сурах зүйлүүдийн жагсаалт гаргасан.

-Нийгэмд өөрчлөх ёстой олон асуудал байна. Таныхаар юуг өөрчлөөсэй гэж боддог вэ?

-Сингапурын ерөнхийлөгч байсан Ли Куан Ю-гийн хэлсэн үг байдаг. “Гоё зам, байшин, барилга бариад, гоё хот бий болгож болно. Хамгийн гол нь, амьдрах хүнийг нь бэлтгэх чухал байдаг ч хэцүү юм байна” гэж. Бидэнд ч гэсэн энэ асуудал тохиолдож байна.

-Одоогийн нийгэмд хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл яагаад суларсан гэж боддог вэ?

-Бидний үе хоёр нийгэм харах азтай ч гэх юм уу үеийнхэн. Өмнөх нийгэмд үг хэлэх, өмч хөрөнгөтэй болох нь хязгаарлагдмал байлаа. Ардчилсан нийгэм рүү шилжсэнтэй холбоотойгоор хүний эрхийг дээдэлдэг болж, сүүлийн 30 жил эрх эдлэх тухай ярьсантай холбоотой хариуцлагын асуудал орхигдсон юм уу гэж бодож байна.

-Хүн эрсдэлтэй алхам хийж байх ёстой юу. Та ямар эрсдэлтэй алхам хийж байв?

-Миний мэргэжил эдийн засгийн шинжлэх ухаан. Алдаагүй байхыг сургадаг. Нийгэмд болж байгаа эдийн засаг, тооцоололтой холбоотой асуудлыг урьдчилсан дүгнэлт гаргаж, яаж алдагдалд орохгүй байх, ямар эрсдэлд орох вэ гэдгийг судалдаг. Би аливаа зүйлийг эрсдэлтэй талаас нь түрүүлж харахыг хичээдэг. Энэ утгаараа эрсдэлтэй алхам төдийлөн хийж байгаагүй.

-Малчидтай холбоотой маш олон татвар байна. Малчдад ер нь ээлтэй татвар гэж байна уу?

-Малчин ялгаагүй орлого олж байгаа, хөрөнгөтэй, бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа иргэн учраас бүх төрлийн татварын харилцаанд орохоос өөр аргагүй. 2024 оны нэгдүгээр сараас малчид, иргэд рүү чиглэсэн татварын хөнгөлөлттэй заалт орж ирсэн нь малчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Жишээлбэл, мал, ноос ноолуураа зараад, 50 сая төгрөгөөс дээш орлого олсон бол НӨАТ суутган төлөгч болдог.

Хоёрдугаарт, малын хөлийн татвар байлаа гэхэд тухайн сумын иргэдийн хурал 0-2000 төгрөгийн хооронд тогтоож болно гээд эрхийг өгчихсөн. Тухайн сум үхэр өсгөхийн тулд малын хөлийн татварыг тэглэж болно. Ялангуяа газар тариалангийн бүс нутагт энэ татвар өндөр байдаг.

Эргээд энэ малын хөлийн татварын мөнгө өвөлжилт, хаваржилтад үүсдэг хүндрэлүүдийн эрсдэлийг бууруулахад ашиглах ёстой гэж хуульдаа зааж өгсөн. Үүнийг төр авдаггүй, тухайн суманд нь захиран зарцуулах эрх бий.

Орлогын татварын хувьд ялгаагүй бизнес эрхлэгч учир 10 хувь төлдөг байсан бол нэг хувиар төлөх хуулийн орчин бүрдэж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

-Монголын татварын алба мал бүхий этгээдээс татварын тайланг нь хүндрэл чирэгдэлгүй авах зорилгоор тайланг нь урьдчилан боловсруулж, ибаримт аппликейшнээр бүртгүүлэх боломж бүрдүүлсэн. Үүнд малчдын оролцоо хэр байна вэ?

-Ибаримтаар бүртгүүлэх систем 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ цагаас хойш тасралтгүй хөгжүүлэлт хийж явсан. Тухайн тайланг онлайн болон оффлайн горимд ажиллах боломжийг нээгээд өгсөн. Дээрээс нь ибаримтыг үүрэн телефоны дөрвөн оператор компани дэмждэг, дата шаардахгүйгээр ажилладаг ганц аппликэйшн гэж хэлж болно. Жишээлбэл, сүлжээгүй газарт очиж ноолуур худалдаж авсан “Говь” ХХК-ийн ажилтан байлаа гэхэд тухайн малчны холбогдох мэдээллийг оруулахад сүлжээнд газарт очингуут ибаримт системд мэдээлэл нь автоматаар ирдэг гэсэн үг.

-НӨАТ-ын сугалааг болиулж, хоёр хувиа нэмүүлэх нь амьдралд хэрэгтэй гэж иргэд хэлдэг шүү дээ?

-Өнгөрсөн жил 310 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийсэн байна. Сугалаа нь НӨАТ төлөөгүй аж ахуйн нэгжийг хоёр хувийн буцаан олголтгүй баримтаар нь дамжуулж орлогыг нь хянах зорилгоор энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс иргэдийн бүртгүүлсэн бүх баримтад сугалаа олгодог болсон. Тодорхой хугацаанд сугалааг зогсоож үзсэн. Гэтэл бүртгүүлсэн баримтын тоо сар сараар буурсан. Тиймээс сугалаа байх зайлшгүй шаардлагатай юм байна гэж тогтсон. Сугалаагаар жилдээ 450 мянга орчим хүнд 15-21 тэрбум төгрөг олгодог. Гэтэл НӨАТ-ыг нэг хувиар нэмэхэд жилдээ 150 орчим тэрбум төгрөг болно. Иймд хоёр хувиа нэмж яагаад ч болохгүй.

-Сугалааг татварын байгууллагын хоёр алба хаагч өөрсдөдөө тохируулж авсан гэдэг асуудал үүсдэг шүү дээ?

-Сугалаа нь 1000 баримтад нэг хонжвор гэсэн математик томьёоллоор ажилладаг программчлалтай. Сард 50 сая орчим баримт сугалаанд хамрагдаж, 50 орчим мянган хүн хонжвор хождог. Энэ 50 мянган хүн математик томьёоллын аргаар сугалаанд хожиж байгаа болохоос татварын байцаагчдын бүртгүүлсэн баримтыг сугалаанд тааруулах ямар ч боломж байхгүй. Ибаримтад идэвхтэй бүртгүүлдэг алба хаагч хонжворт хожсон байхыг үгүйсгэхгүй. 

Зохион байгуулалттайгаар татварын алба хаагч хонжворыг өөртөө тааруулсан юм биш биз дээ гэсэн үүднээс би хууль хүчний байгууллагад нь санал хүргүүлж, шалгуулсан. Шалгалтаар систем доголдолгүй байна гэж гарсан. Тиймээс өндөр дүнгээр хожсон татварын алба хаагч болон түүний гэр бүлийн хүн байхгүй гэдгийг дотоод аудитын шалгалтын дүнгээр хариуцлагатай хэлье.

-Та сугалаанд хожиж байсан уу?

-Би саяын хэл амнаас болоод баримтаа бага бүртгүүлдэг. Татварын системийн бүртгэлийн цаад зорилго нь бүртгүүлсэн этгээд хонжвор гэхээсээ илүү бизнес эрхлэгчийн орлогыг мэдэх үндсэн зорилготой. Манай гэр бүлийн хувьд хүүдээ баримтаа өгдөг. Хүү баримтын буцаан олголтоор бусад хэрэгцээтэй зүйлээ авдаг.

-Монгол Улсын татварын алба үүсэж, хөгжөөд 113 жил, шинэ үеийн татварын тогтолцоо үүсэж хөгжөөд 33 жил болжээ. Төр оршихын тулд татвар оршино гэж товчоор тодорхойлсон байдаг юм байна. Татвар гэхээр монголчууд “хадны мангаа” л гэж ойлгодог. Үнэхээр тийм юм уу? 

-Өмнөх нийгэмд бүх зүйл тооцоотой системээр явдаг байлаа. Энэ нь хувь хүнд мэдрэгддэггүй байсан бол ардчилсан нийгэм шинэ татварын харилцаанд орж эхэлсэн. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн эрх нээгдсэнтэй холбоотойгоор татварын харилцааг зохицуулах систем үүсэж бий болоод, 33 жил болж байна. Энэ хугацаанд олон улсад байдаг л татварын харилцаа бий болсон. Олон улсад үндсэн гурван төрлийн татвар байгаа шүү дээ. Орлого дээр ногддог татвар, хэрэглээнд ногддог татвар, хөрөнгө дээр ногддог татвар гэсэн гурван үндсэн татварын систем байдаг. 33 жилийн хугацаанд татварын хуулиудыг багцаар нь 2007 болон 2019 онд цогц шинэчлэл хийсэн.

Татвар гэдэг айгаад байх зүйл биш. Орлого олохын тулд гарсан зардлаа хасаад, үлдэж буй ашиг дээрээ төлж байгааг л орлогын татвар гээд байгаа юм. Тэр ашгаасаа буцаагаад юм худалдаж авч байгаа нөхцөлд хэрэглээний татвараа төлнө. Хэрэглээгээ хэмнээд, хөрөнгө авсан тохиолдолд хөрөнгийн татвар гэж авдаг. 

Ардчилал чөлөөт зах зээлийн нийгэм эдгээр гурван төрлийн татвар дээр ногдсон орлогоор тухайн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах сан бий болгож байгаа гэсэн үг. Хэнээс ч хараат бус оршин тогтнохын тулд иргэдээс татвар авч, түүнийг зохистой зарцуулах хэрэгтэй. Олон улсын ардчилал, зах зээлийн нийгэмд байгаа тэр л систем Монгол Улсад байна. Түүнээс айлгах гээд байгаа зүйл огт биш.

-Бусад улс орнуудтай харьцуулахад манай улс татварын дарамттай улс мөн үү?

-Татварын дарамт гэдэг ойлголтыг яаж хүлээж авах вэ гэдгээс л хамаарна. Огт татвар төлдөггүй байсан иргэнийг хуулийн дагуу зөвлөгөө, мэдээлэл, арга зүйгээр хангаад, хууль хэрэгжүүлэх байгууллага шахаж шаардаад, төлүүлснийг дарамт гэж хүлээж авах юм уу, ерөнхийдөө татварын хувь хэмжээний талаар ярьж байна уу гэдэг хоёр тусдаа ойлголт яригдаж байна. 

Татварын дарамт гэдэг зүйлийг иргэд юу гэж ойлгодог вэ гэхээр төлдөг хувь хэмжээнээсээ илүү огт өмнө нь хамрагдаагүй байж байгааг татварын албанаас шаардах, тайлан мэдээг тухайн цаг үед нь боловсруулж, татварын албанд ирүүлэх зэргийг иргэд дарамт гэж хардаг нь хэд хэдэн судалгаанаас харагдсан.

Олон улсад янз бүрийн судалгаанууд байдаг. Дэлхийн улс орнуудыг бага, дунд, их гэсэн түвшинд ялгаж судалсан судалгаанууд бий. Энэ судалгаагаар Монгол Улсын татварын дарамт 22 орчим хувь байдаг юм байна. Энэ хувь хэмжээгээрээ Монгол Улс татварын дарамтгүй буюу бага татвартай оронд орж байна гэсэн судалгаа байдаг.

Олон улсын байгууллагуудын гаргасан бизнесийг хэр дэмждэг вэ, бизнес хийх боломжтой орны судалгаагаар Монгол Улс татварын дарамт бага оронд ордог. Сүүлийн үед төрийн татварын үйлчилгээнүүд ил тод, нээлттэй болсон үзүүлэлтүүдээрээ татварын байгууллага дээгүүр эрэмбэлэгдэж байна. Жишээлбэл, 190 оронд хийсэн татварын үзүүлэлтийн судалгаагаар Монгол Улс 71 дүгээрт, бизнес хийх боломжтой орон уу гэдэг үзүүлэлтээр 81 дүгээрт явж байна. 

-Татвар авах болохоор төр засаг шинийг эрэлхийлж, санаачилж, сайн ажиллаж байгаа мэт харагддаг. Гэвч иргэд сэтгэл дундуур байна. Татварын мөнгийг тайлагнах арга зам бий юу? 

-Татварын орлого төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх үндсэн зорилготойгоор тодорхой хэмжээгээр хөрөнгийн сан бүрдүүлэх үүднээс татварын орлогуудыг цуглуулж аваад байгаа гэсэн үг. Төр Үндсэн хуулийн 16-рт байдаг иргэнийхээ эрхийг хангах л зорилготой. Жишээлбэл, Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэж заасан. Аюулгүй байдлыг нь хангахын тулд цагдаагийн байгууллага ажиллаж байна гэх мэтчилэн буцаад иргэнийхээ төлөө зарцуулагдаж байна. 

Сүүлийн үед Засгийн газар цахимжуулалтыг гол бодлогоо болгож, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болсон. Үүний хүрээнд төрийн байгууллагууд “Цахим засаглал” хөтөлбөрийн хүрээнд бүх төрийн байгууллага цахим хэлбэрт шилжлээ. Энэ цахимжилтын цаана субъектив хамаарлаас тухайлсан төрийн албан хаагчаас хамаардаг байсан хамаарлыг л багасгахад гол нь чиглэгдэж, энэ үйл ажиллагаа хийгдэж байна. Татварын алба цахимжсаны үр дүнд үүрэг, эрхийн биелэлт аль аль нь сайжирч байна. 

Гагцхүү цугларч байгаа мөнгө нь зөв зүйлдээ зарцуулагдаж байна уу гэдэг тайлагналын асуудлыг сүүлийн жилүүдэд нэлээд ярьж байна. Сангийн яамны сайт руу ороод, “Иргэний боловсрол” гэсэн цэсээс нийтдээ хэчнээн төгрөг, нэг хүүхдэд хэдэн төгрөг зарцуулагддаг  вэ гэдгийг харж болно. 

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа