-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа.
-Урьсанд баярлалаа.
-Өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна уу?
-Намайг Чинбатын Ундрам гэдэг. Хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний хоёр хүүхэд хоёулаа өсвөр насных. Охин маань энэ жил 16 нас хүрнэ, хүү маань 11 нас хүрч байна. Миний хүүхдүүд Жюү Жицү бөхийн спортоор хичээллэдэг.
Миний аав Сэлэнгэ аймгийн Мандал сумд төрж өссөн. Өвөө, эмээ хоёр маань Архангай аймгийн Хашаат сумын хүмүүс байдаг. Өвөө маань Эрхүүгийн их сургуульд ХАА-н техникумд суралцаад малын эмчээр төгссөн. Төв аймгийн Угтаалцайдам, Баянцогт, Алтанбулаг сумдад малын эмчээр ажиллаж байгаад Улаанбаатар хотод Биокомбинат гэх байгууллагыг үүсгэн байгуулаад тэтгэвэртээ гарсан. Ингэхдээ Угтаалцайдамд төрсөн том хүүгээ бараадаад тэнд суурьшсан.
Ээжийн маань аав нь Завхан аймгийн Ургамал сумынх, ээжийн ээж Төв аймгийн гаралтай. Аав, ээж хоёр маань Сверловск, Уралын Политехникийн институтэд сурч байхдаа танилцаад, би тэнд төрсөн.
Би 21 хоногтойдоо Монголд ирээд, Сэлэнгэ аймагтаа очсон. Удалгүй аав маань ШУТИС-д багшаар ажиллахаар болж, Улаанбаатарт шилжиж ирсэн. Би арван жилээ АНУ-д, их сургуулиа Англид, Эдийн засгийн ухааны докторын зэргээ Япон улсад хамгаалсан.
Ийнхүү Монгол Улсын их сургуульд багшилж, ажлын гараагаа эхэлсэн. Тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, профессор, сургалтын албаны дарга, дэд захирал гэсэн ажил албыг хашиж, нийт 10 гаруй жил ажилласан байдаг. 2020 онд Сэлэнгэ аймгаасаа сонгогдоод, УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
Хамгийн гол зүйл нь хүний итгэлийг даах. Итгэл нэг алдсан хүн эргээд олж авахад хэцүү байдаг. Жишээлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдоод сонгуулийн үеэр аягүй ядардаг шүү дээ. Өдөр, шөнөгүй ард иргэдтэйгээ уулзаад бараг унтах цаг байхгүй. Сонгууль дуусаад нэг сайхан хоёр хоног амрах юм сан, унтах юм сан гээд бодож байтал сонгогдоод гараад ирэнгүүт “энэ их хүний итгэлийг би одоо яаж алдахгүй байх вэ” гээд нойр хүрэхээ больчихдог юм байна лээ.
Бүүр их ачаа нуруун дээр мэдрэгдсэн. Юун унтаж амрах энэ дөрвөн жилд юу юу хийх вэ гээд л ерөөсөө өөрийнхөө ажлын төлөвлөгөөг боловсруулаад эхэлсэн.
Хоёрдугаарт нь, хичээнгүй байх ёстой. Хүн зарим юмыг мэдэхгүй чадахгүй байж болно, гэхдээ хичээх ёстой. Хэлсэн амлалтдаа хүрэхийн төлөө хичээх ёстой. Чадахгүй байгаа юмаа чаддаг болохын төлөө хичээх ёстой. Алдаа гаргавал засахын төлөө хичээх ёстой. Тийм учраас хичээл зүтгэл хоёр л хамгийн гол юм болов уу гэж боддог.
-Та бид хоёр дөрвөн жилийн өмнө яг ингээд өөд өөдөөсөө хараад ярилцаж байлаа. Тэр үед та УИХ-ын гишүүн болоогүй байсан. Одоо УИХ-ын гишүүн болсон. Төсөөлж байснаас ер нь ямар байна?
Дөрвөн жилийн дараа харахаар ямар ч л байсан зарим нэг зорилгодоо хүрсэн байна. Төсөөлж ч байгаагүй хүнд, хэцүү бэрхшээлүүдийг давсан. Тэрийг давж байж энэ зорилгодоо хүрсэн байна. Тэгэхээр нэг талаас нь харахад зорилгодоо хүрсэн учраас би бас тодорхой хэмжээнд нэлээн урамтай байна.
Нөгөө талаас үнэхээр маш хүнд, хэцүү давааг давсан учраас маш их зүйлийг золиосолж, алдаж байж энэ зорилгодоо хүрсэн байна. Хүнд хэцүү даваануудыг давдаг юм байна. Гэхдээ яг хичээгээд зүтгээд явах юм бол зорьсондоо хүрдэг л юм байна гэж харж байгаа.
-Одоо энэ парламент бүрэн эрхээ дуусахад тун чиг бага хугацаа үлдээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чамгүй олон ажлуудыг хийж амжуулсан. Олон ч хуулийн төсөл дээр ажилласан байна. Энэ олон ажлуудаасаа тодотгож, эргээд харахад энэ нь ёстой нэг сайхан болчихсон шүү гэж бахархмаар ажил нь ямар ажил байсан бэ?
Дөрвөн жилийнхээ ажлын тайланг нэгтгээд харлаа л даа. Нийт 22 хууль санаачилж өргөн барьсан байна. Үүнээс 18-ыг нь батлуулаад, дөрөв нь хэлэлцэх шатдаа явж байна. 42 хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар болон гишүүнээр ажилласан.
Нэлээд завгүй маш олон салбар руу орж ажилласан ийм он жилүүд өнгөрсөн байна. Багшийн ширээнээс сонгогдсон Их хурлын гишүүний хувьд энэ боловсролын багц хууль дээр би бүх сэтгэл зүрхээ зориулж ажилласан. Бид гурван жил энэ хуулийн хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулсан.
СӨБ, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, их дээд боловсрол, насан туршийн боловсрол гэх мэт бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш, ажилчид, мөн хувийн сургуулиудын төлөөлөл, ажил олгогчдын төлөөлөл гээд ер нь бүх оролцогч талуудтай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан.
Заримдаа “Сэдэвчилсэн англи хэлний боловсрол” ч гэдэг юм уу сэдэвчилсэн байдлаар хэлэлцүүлэг хүртэл хийж санал бодлоо солилцож, алдаа дутагдал, жаргал зовлонг нь сонсож байж энэ хуулийг боловсруулсан. Ер нь боловсрол гэдэг бол энэ ирээдүйг авч явах үр хүүхдүүд яг ямар үзэл бодолтой, юу хийж чаддаг, юу мэддэг ийм хүмүүс байх юм бэ гэдгийг тодорхойлдог учраас улс орны хар хайрцгийн бодлого тодорхой хэмжээнд шингэсэн байдаг гэж би боддог.
Үндсэн хуулийн дараа орох маш чухал хууль гэж үздэг. Тийм учраас энэ хууль дээр маш их цаг зориулж ажилласан. Энэ хуулиа 30 жилийн дараа их хууль болгож бид шинэчилж батлуулаад, одоо есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ.
Шинэ хуулиар бид багшийн нэр хүндийг өргөе, өсгөе, багшийг ажлын байран дээрээ хөгжих боломжоор нь хангая, багшийн нийгмийн баталгааг  сайжруулах ёстой юм байна. Эцэг эхийг бас хариуцлагатай болгох ёстой юм байна. Хүүхдийг боловсруулна гэдэг чинь ганцхан багшийн ажил биш, эцэг эх нь ч гэсэн санаа зовох ёстой гэх мэт асуудлуудыг оруулсан. Хөтөлбөрийг стандарттай болгоё, сургалтын орчныг стандартчилъя гээд энэ чиглэлээр асуудлуудыг тавьсан. Хамгийн гол зүйл нь тэгш хамран сургах үзэл баримтлал дээр уг хууль суурилж боловсрогдсон.
Жишээлбэл, өмнө нь бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүгдийг нь ялгаж аваад тусдаа цэцэрлэг сургуульд сургадаг байсан. Одоо бол энэ хүүхдүүд маань ч гэсэн адилхан нэг дор сурах боломжоор хангах ёстой. Бүүр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байх юм бол ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулаад, гэрт нь очиж сургана.
Цахим сургалтуудыг бид өнөөдрийн энэ техник технологийг ашиглаад хэрэглэе гэсэн зүйлүүд орж ирсэн байна. Мөн үндэсний цөөнх гэж ярьдаг казак, урианхай хүүхдүүд хос хэлний хөтөлбөрөөр сурч болно. Багаасаа монгол хэлийг болон казак, тува хэлээ сураад явах ёстой. Бүгдийг нь адилхан гэдэг тогтолцоог энэ хуульд оруулж өгсөн.
Цаашлаад сурах бичгийг үзэх юм бол яагаад дандаа эрэгтэй хүүхдүүд нь сахилгагүй муу сурдаг, эмэгтэй хүүхдүүд нь онц сурдаг байх ёстой юм. Жендэрийн хувьд яагаад сурах бичиг дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаггүй юм ч гэдэг юм уу. Сурах бичгээс авхуулаад бүх зүйлдээ хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой гэдэг чиглэлийг барьж энэ хуулиа боловсруулсан.
-Боловсролын багц хуулиас тодруулаад асуучих гуравхан асуулт байна. Нэгдүгээрт, сонгууль болгоны дараа Боловсролын сайд солигддог. Боловсролын сайд солигдсонтой холбоотойгоор хөтөлбөрүүд өөрчлөгдөөд явдаг. Энэ хууль дээрээ яаж тусгаж өгсөн бэ. Хоёрдугаарт, хүүхэд хаана, хэрхэн, яаж амьдарч байгаагаасаа үл хамаараад эцэг, эх нь ямар ажил хийдгээс үл хамаараад боловсролын тэгш хүртээмж, боломжийг хүүхдүүд яаж авах вэ. Гуравдугаарт, багшийн нэг хүүхдийг сурахад дэмжлэг үзүүлнэ гэчихсэн байгаа. Дэмжлэг үзүүлэхдээ заавал эрэлттэй мэргэжлээр гээд байгаа юм. Тэгэхээр нөгөө багшийн хүүхдүүд бүгд эрэлттэй мэргэжлээр сурах боломжгүй, энэ нь жаахан явцуу юм болов уу гэж харж байгаа юм. Энэ гурвыг тодруулъя.
Хөтөлбөрийн хувьд хуульдаа хөтөлбөрийн үзэл баримтлалыг батлагдсанаас хойш 10 жил өөрчлөхгүй гэж тусгасан.  Тодорхой хэмжээний сайжруулалтуудыг хийгээд явах орон зайг үлдээх ёстой. Гэхдээ тухайн хүүхэд сураад төгстөл хөтөлбөрийг нь бол өөрчлөхгүй. 
Хоёрдугаарт, яагаад хувийн сургуульд эцэг, эхчүүд хүүхдээ өгөөд байгаа юм бэ. Хамгийн гол одоо давуу тал нь хувийн сургуулиуд юу олгоод байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт, судалгааны үр дүнд англи хэл гэж гарсан. Англи хэл хүүхдүүд нь илүү сураад байгаа учраас гадаадын их дээд сургууль руу Айелтс, Тоефлийн шалгалтаа өгөөд явах боломж нь бүрдэж байна.
Англи хэлтэй хүүхэд өөртөө хэрэгтэй мэдээллийг англи хэлтэй эх сурвалжаас авах боломж нь бүрдэж байна. Тийм учраас англи хэл нэг номер гэж судалгааны үр дүн гарсан. Зах хязгаарын сумдад байгаа хилийн цэргийн хүүхдүүд, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн, малчны хүүхдүүд англи хэлийг сурч чадахгүй байгаа учраас гадаад руу явах боломжгүй. Тийм учраас хуульдаа англи хэлийг үндсэн гадаад хэл бол болгож тусгаж өгсөн. Ийнхүү энэ жилээс бага ангид англи хэлийг зааж эхэлж байна. Гадаадын персон хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлээд цахим технологийг ашиглан, багш нь дэмжээд сураад эхэлж байгаа юм. Энэ бол маш сайн сургалт. Гагцхүү яг өнөөдрийн нөхцөл байдалд бүх сургууль цахим танхимаа хүрэлцээтэй байлгаж чадахгүй байна. Гхэдээ шийдэж болох асуудал. 
Тэгш боловсролын маш том нэг зүйл англи хэл  л байсан. Сэлэнгэ аймгийн Түшиг сумд байгаа хүүхэд болон Төв аймгийн Баяндэлгэрт байгаа хүүхэд бүгдээрээ англи хэлийг бага ангиасаа эхлээд сурчих юм бол бүгдээрээ тофел, айлтс өгөөд гадаадын мундаг сургуулиудад сурах боломж нь нээгдэх юм.
Багш нарын хүүхдүүдийн хувьд хуульд эрэлттэй мэргэжил гэж оруулж өгөөгүй. Хуульд нэг хүүхэд нь төрийн их дээд сургуулиудад тэтгэлгээр сурах боломжтой гэж байгаа. Боловсролын яамны журам нь боловсруулагдахдаа төсөвтөө баригдана шүү дээ. Улсын сан хөмрөг чинь бас нэг хэмжээ хязгаартай. Цаашдаа энэ улсад ямар мэргэжилтнүүд хэрэгтэй байна гэсэн хэрэгцээ шаардлага ч бас байна. Байгаа нөөц бололцоондоо уялдуулаад л эрэлттэй мэргэжил гэж одоохондоо оруулсан юм болов уу гэж би бодож байна.
Гэхдээ цаашдаа улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар өргөн хүрээнд авч үзэх боломж нь бүрдэх байх. 
-Таны уриа юу вэ?
-2020 онд “Мэдлэг Монголын баялаг” гэдэг уриатай явсан. Яагаад вэ гэвэл цөөхөн хүн амтай Монгол Улсыг мэдлэгээр л хөгжүүлнэ. ХАА-г жишээлбэл хөгжүүлье гэвэл шинжлэх ухаанд суурилж л хөгжүүлнэ. Цөөхөн хүн хүнээр зодож чадахгүй шүү дээ. Тийм учраас “Мэдлэг Монголын баялаг” гэдэг уриатай явсан. Ингээд дөрвөн жил ажиллах явцад эрүүл хүн байж, саруул ухаантай байх юм байна. Эрүүл хүүхэд боловсрол ярих юм байна гэдгийг олж харсан. Ард түмэн маань эрүүл мэндийн хувьд маш хэцүү байна л даа.
Өөр өөртөө анхаарахгүй тохиолдлууд ч их байна. Өөрөөс нь хамаарахгүй энэ орчны бохирдлууд ч гэсэн маш их нөлөөлж байна. Хорт хавдраар тэргүүлж байна шүү дээ. Тийм учраас “Эрүүл биетэй, саруул ухаантай монгол иргэний төлөө” гэдэг ийм уриа дэвшүүлээд явж байгаа.
-Орон нутгийн сургуулиудын бие засах газрын асуудлыг шийдхэд нэлээдгүй шүүмжлэл, хэл ам дагуулсан. Одоогийн байдлаар хөдөө орон нутгийн хэдэн сургуулийн бие засах газрын асуудлыг шийдсэн бэ. Яагаад заавал энэ бие засах газрын асуудал руу эмэгтэй гишүүд орчихсон юм бэ?
-2020 онд УИХ-д сонгогдох үеэр миний хамгийн их санаа зов явж байсан юм бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед технологийн дэвшил маш хурдацтай хөгжиж байна. Зарим мэргэжлүүд ирээдүйд хэрэггүй болно зарим шинэ мэргэжлүүд гарч ирж байна. Бцсад улс орнуудтай өрсөлдөх хэмжээнд байхын тулд байгалийн шинжлэх ухаанд суурилсан инженер технологи, IT-д суурилсан мэргэжилтнүүдийг бид бэлдэж байж урагшаа хөгжих юм байна гэх асуудалд маш их санаа зовж, УИХ-д орж ирсэн.
Засгийн газарт 2021 оны улсын төсвийг өргөн барьсан. Энэ үед УИХ-ын гишүүдийг тойрогтоо асуудал шийдэхэд хоёр тэрбум төгрөгийн квот олгож байсан. Түүгээрээ тойргийн сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засвар шинэчлэл шинээр барих, эмнэлгийн тоног төхөөрөмж гээд л олон асуудал байгаа шүү дээ. Яг энэ үед Боловсролын яамны тухайн үеийн сайд, төрийн нарийнууд чуулганы танхимын үүдэнд намайг “Ундрам гишүүн ээ уулзах асуудал байна” гээд уулзах санал тавьсан.
Ингээд уулзсан чинь Монгол Улсад одоо 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр нүхэн жорлонтой байна гэдэг асуудал тавьсан. Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоо бид нар удахгүй тэмдэглэх гэж байна. Гэтэл энэ нүхэн жорлонтойгоо сууж байна аа гээд. Тэгэхээр энэ нүхэн жорлон гэдэг жижиг асуудал биш, маш том асуудал. Үүнээс болж хүүхдүүд маань гепатит вирус тусдаг. Энэ бол насан туршийн өвчин. Энэ өвчнийг туссан хүмүүс маш залуугаараа ээж, аав болчхоод элэгний өвчнөөр өөд болдог. Олон хүүхэд бага насандаа гэдэсний суулгац өвчнөөр нас бардаг. Ханиад томуу бол наад захын асуудал.
Малчны зургаан настай хүүхэд дотуур байранд амьдарч, сурч байхдаа шөнө орой нүхэн жорлон руугаа гарч бие засахаас айдаг. Яагаад вэ гэвэл хүчирхийлэл, хулгай дээрэм өртөхөөс айдаг. Тиймээс бие засахгүйн тулд үдээс хойш шингэн зүйл уухаа больчихдог, 
Тэгэхээр нөгөө юун боловсрол өсөлт, бойжилт, эрүүл мэндийн асуудал тэнд тавигдаж байгаа. Бидний хэдэн 10 мянган хүүхэд жил болгон энэ 850 нүхэн жорлонд бие засаад сурч боловсрох гээд, өсөж бойжих гээд тэмцээд явж байгаа вэ гэдэг асуудал гарна.
Өнгөрсөн 30 жил жилийн хугацаанд энэ асуудалд огт анхаарал хандуулаагүй. Тэр үед ковидтой жил байсан. Урд хил хаагдчихсан, нүүрсээ экспортолж чадахгүй, улсын эдийн засаг маш хүнд байсан. Тиймээс байгаа нэг жоохон мөнгөө хаашаа хуваарилах вэ, хүүхдийн мөнгө өгөх үү яах вэ гээд л ярьж байсан үе.
Энэ асуудлаар Их хурал дээр гишүүдтэй ярихаар хүүхдийн мөнгөө өгөхгүй бол болохгүй. Яагаад гэвэл бас маш олон иргэд хүүхдүүд маань хүнд хэцүү байна гээд л олон асуудал яригдаж байсан.
Төв аймагт 38 боловсролын байгууллага нүхэн жорлонтой, Сэлэнгэ аймагт найм, баруун талын аймгуудад 80, 90-ээд байна. Бараг бүх боловсролын байгууллага нь л нүхэн жорлонтой байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бид засах хэрэгтэй байна аа гээд асуудлыг гишүүддээ тавихад бүгд дэмжсэн. Гол нь мөнгө хаанаас олох вэ гэдэг асуудал гарсан.
Улсын төсвөөс гаргуулах ямар ч боломжгүй байсан. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд болох Бадамсүрэн захирал, Үүрийнтуяа захирлуудтай уулзаад тэдний ирэх жилийн төсөв төлөвлөгөөтэй танилцсан. Танилцаад, “Эрдэнэт үйлдвэр бол Монголын үйлдвэр. Ганцхан Эрдэнэтийн үйлдвэр биш улсын хэмжээний том үйлдвэр юм аа. Тийм учраас Монголынхоо үр хүүхдүүдэд зориулаад, нийгмийн хариуцлагын хүрээнд энэ асуудлыг үе шаттай шийдвэрлээд өгөөч. 100 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна” гэж хэлж байсан. 
Ийнхүү Эрдэнэт үйлдвэр тооцоо хийж үзээд, боломжтой юм байна гэсэн. Улмаар эмэгтэй гишүүдээрээ нийлээд УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, батлуулаад ажилдаа орсон.
Тэгээд яг газар дээр нь ажлаа хийх болсон чинь бүх сумын нүхэн жорлонгийн зураг төсөв нь өөр гарахаад байсан. Яагаад гэвэл хөрсний хатуулаг, байршлууд, том жижиг хэмжээ нь өөр. Зарим сум цэвэрлэх байгууламжтай, зарим нь цэвэрлэх байгууламжгүй гээд маш өөр нөхцөл байдал үүсэн. Иймд бүх сумд зориулж зураг төсөл хийж, араас нь худалдан авах ажиллагаануудаа хийх болж, дөрвөн үе шаттай болгосон.
Анх бид хоёр үе шаттай, нэг л зураг төслөөр хийчихнэ гэж бодож байтал төсөв нь нэмэгдээд 160 тэрбум төгрөг болсон. Мөн өмнө нь төслийн хүрээнд хэрэгжиж байсан эко жорлонгууд бас хөлдчихсөн, шинэчлэх шаардлагатай гэх мэт асуудлууд гарч ирсэн.
Ингээд нийт 850 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг 160 тэрбум төгрөгөөр энэ жил дөрөв дэх үе шат нь хэрэгжээд бүгдийг нь шинэчилж дуусаж байгаа.
Есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд бүгд шийдэгдчихнэ. Боловсролын салбар нүхэн жорлонгүй болно гэсэн үг.
Цаашлаад Эрүүл мэндийн төвүүдийн нүхэн жорлонгуудыг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгож байгаа.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:


-Сэлэнгийн нэлээн хэдэн сумдын сургуульд лаборатори хийсэн. Яагаад заавал лаборатори анги болгож тохижуулъя гэж бодсон юм бэ?
МУИС-д Сургалтын албаны дарга хийж байхдаа 21 аймаг, есөн дүүргээс элсэлт авахад Физикийн ангид гуравхан оюутан орж ирдэг байсан. Хүүхдүүд нийгэм, хүмүүнлэгийн салбар руу чихцэлдээд, өрсөлдөөд байдаг.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эрин үед улс орныг ямар хүмүүс авч явах юм бэ гэхээр инженер, технологчид, байгалийн шинжлэх ухаан суурьтай хүмүүс авч явна. Гэтэл энэ салбар руу хүүхдүүд орж ирэхгүй байгаа нь асуудал болж байна. 
Бид ураны орд, АЦС гээд яриад л байдаг. Гэтэл тэнд ажиллах боловсон хүчин байхгүй шүү дээ, манайд. Уг нь бэлдчихсэн байх ёстой шүү дээ.
Тэгэхээр хүүхдүүд төгсөхдөө л “Би байгалийн шинжлэх ухаанд дургүй юм байна” гээд бодчихсон, “Би нийгмийн шинжлэх ухааны мэргэжил сонгоно” гээд мөрөөдчихсөн хойно нь “чи физик рүү ор” гээд бүтэхгүй шүү дээ, ардчилсан нийгэмд.
Хүчээр оруулсан ч сууриа сайн аваагүй хүүхдүүд сайн суралцаж чадахгүй. Тийм учраас багаас нь байгалийн шинжлэх ухаанд дуртай, үүнийгээ ойлгодог хүүхдүүд болгож бойжуулж өсгөх ёстой юм.
Тийм утгаараа би Сэлэнгэ аймгийнхаа 35 ЕБС-д хими, физик, биологийн иж бүрэн кабинет, лаборатори байгуулж өгсөн. Ингэснээр хүүхдүүдийн шинжлэх ухааны мэдлэг сайжирсан. Багш нар хичээлээ заахад урамтай болсон. Химийн хичээлийг зөвхөн шохой бариад, самбар дээр бичээд ойлгуулах боломжгүй. Тиймээс “Super science” хэмээх тэмцээнийг хүүхдүүдийн дунд зохион байгуулсан. Тэмцээнээ зарлахдаа аж ахуй, амьдралынхаа асуудлыг шинжлэх ухаанчаар шийдэх бүтээлийн уралдаан зарласан. Хүүхдүүд оролцохгүй байх вий гэж айж байсан. Гэтэл Сэлэнгэ аймагт 500 гаруй хүүхэд ирж оролцсон. Хүүхдүүд маань ааруул хатаах хайрцаг зохион бүтээсэн байсан. Агаарын солилцоог нь шийдсэн, бороо ороход хаагдчихдаг, доторх температур, чийгшил бүгдийг нь хэмждэг. Мөн гар утасны аппликэйшн хийгээд, түүгээрээ холоос удирдах боломжтой бүтээл байсан. Мөн цахилгаан гитар бүтээсэн хүүхэд байсан. Пичений төмөр хайрцаг дээр шалны модны иш хийгээд, гитарны утаснуудыг холбоод, долгтон дамжуулах онолоор цахилгаан гитар хийсэн байгаа юм. Энийг нэг аймагт хийж болсон юм чинь яагаад улсын хэмжээнд зохион байгуулж болохгүй гэж.
Монгол хүүхдүүд потенциалтай мундаг юм байна лээ. Гагцхүү тэр орчныг нь бүрдүүлж өгөх гаардлагатай байсныг энэ ажил маань харуулсан.
-УИХ-ын гишүүнээс гадна ямар сонгуульт ажил хийж байна вэ?
Намын дэргэдэх Социал демократ холбооны удирдах зөвлөлийн гишүүн хийж байна. Монголын эмэгтэй эрдэмтэд, инженер технологичид, математикчдийн нэгдсэн холбоо гэх 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй байгууллага байдаг. Энэ холбоондоо мөн удирдах зөвлөлийн гишүүн хийж байна.
-Багагүй хугацаа үлдлээ. Ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?
Нэг чухал хуулийн төсөл маань хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Газрын тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, малчдад тэжээлээ тарих 1.5 га газар эзэмшүүлье гэх агуулга бүхий хуулийн төслийг нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамтаар өргөн барьж, хэлэлцэгдэх эсэх нь дэмжигдээд, ажлын хэсэг байгуулагдаад хүлээгдэж байгаа. Өнгөрсөн өвлийн зуднаар малчдад өвс, тэжээл байхгүйн улмаас мал нь тарга, тэвээрэг алдаж, хүйтэнд ихээр хорогдсон. Тэгэхээр малчдад тэжээл тарих газрыг нь олгочихвол хагас эрчимжсэн мал аж ахуй руу дөхнө гэж бодоод байгаа юм.
Миний ахалж ажиллаж буй Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль нь Монгол Улс даяараа соёлын үйлдвэрлэлийг дэмжих, хойч үеэ соёл урлагийн мэдрэмжтэй болгоход нь нэмэр болохуйц хууль юм.
-Таны эхний ярьсан хууль тань Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хууль гээд мөн үү?
Тэр бас тусдаа хууль хүлээгдэж байгаа.
-Орон нутгаас сонгогдсон гишүүд тухайн хуулийг өргөн барьж байгаа харагдсан?
Орон нутгаас сонгогдсон гишүүд малчдынхаа жаргал, зовлонг сайн мэддэг. Малчин, хоршооны эрх зүйн байдлын тухай хууль, тусдаа Газрын тухай хууль байгаа юм. Энэ хоёр хууль батлагдчих юм бол малчид өөрсдийн гэсэн тэжээл тарих газартай болно. Хоршооны гишүүн болж ажиллана. Саяхан батлагдсан “Шинэ хоршоо” хөдөлгөөний хуулийн хүрээнд малчид маань зээл авах боломж нь бүрдэнэ.
-2024 оныг Монгол Улсын Засгийн гараас “Бүсчилсэн хөгжлийн жил” гэж зарласан. Төвийн бүсийн хөгжлийн тулгуур нь юу вэ?
Төвийн бүсэд маш олон давуу тал байгаа. Нэгдүгээрт, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн зах зээлүүдтэй болон хойд хөрштэй ойрхон. Энэ том зах зээлийг хүнсээр хангах боломж байгаа. Энэ бүсэд газар тариалан, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуй, зөгийн аж ахуй, мал аж ахуй гэх мэтчилэн бүгд энэ бүсэд байна. Үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад оролцож явсан хөдөлмөрч ард түмэн цугларсан бүс нутаг юм. Эдгээр хүмүүсийг төрийн зөв бодлогоор чиглүүлээд өгөх юм бол хөдөө аж ахуйг дагасан үйлдвэрлэлийг хөгжүүлээд дотоодын зах зээл болон экспортлох боломж бүрдсэн байгаа.
-Тойргоороо явж уулзалт хийгээд явж байхад иргэдийн зүгээс голцуу ямар асуудал хэлдэг вэ?
Олон асуудал байгаа. Эхнээс нь шийдээд л явж байна. Мэдээж нэг өдрийн дотор алга эргүүлсэн юм шиг шийдэгддэггүй. Төвийн бүсийн хувьд малчид, тариаланчдын хоорондын зөрчил их байдаг. Үүнийг “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд шийдэгдэх байх гэж харж байгаа юм. Мал аж ахуйгаа хагас эрчимжсэн болгоод малчдад тэжээлээ тарих газрыг нь олгоход шийдэгдэнэ гэж харж байгаа.
Хөдөө аж ахуйг дагасан үйлдвэрлэлийг сайн хөгжүүлэх ёстой. Сэлэнгэ аймагт үйлдвэр яагаад баригдахгүй байгаа юм бэ гэж үйлдвэр эрхэлдэг хүмүүсээс асуухаар эрчим хүч маш үнэтэй гэж ярьдаг. Тэгэхээр эрчим хүчний асуудлыг шийдэж байж л үйлдвэрийн асуудал ярих юм байна. Тиймээс хувийн хөрөнгө оруулалтаар 50 мгб-ын ДЦС-ыг Сэлэнгэ аймгийн төвд байгуулах асуудал шийдэгдчихээд газар шорооны ажил нь хийгдээд явж байна. 
Малчид маань арьс, шир үнэгүйдээд байна гэдэг. Намар махаа борлуулж байна, хавар ноосоо тушаах гэсэн үндсэн хоёр борлуулалт хийж байна. Хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүний гарцыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Өнгөрсөн хугацаанд хамгийн олон хуулийн төсөл батлуулсан, хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан гишүүний нэг та байна лээ. Хэрхэн амжуулж байна вэ?
Хууль боловсруулж өргөн барих, түүнийгээ батлуулах гэдэг бол маш хэцүү. УИХ-ын гишүүний үндсэн ажил бол хууль санаачлах, батлуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах байдаг. Хууль тогтоомжийнхоо тухай хуулийн дагуу маш нарийн судалгаа, шинжилгээнд тулгуурласан процесс байдаг. Парламент олонхоороо зөвшөөрч байж хууль батлагддаг. Энэ дөрвөн жилийн хугацаанд үндсэн ажлаа маш сайн хийе гэж бодсон. Энэ хугацаанд маш олон гүтгэлэг, PR ирж байсан. Би урдах ажлаа сайн хийе, хийсэн ажлаа ард түмнээрээ дүнгээ тавиулъя, ажлаараа л хариу баръя гэж бодсон. Багш хүн чинь хэнхэг байдаг. Бичиг баримттай ноцолдож чаддаг. Тиймээс өөрт байгаа мэдлэг, боловсролоо ашиглаж, өөрт олдсон дөрвөн жилдээ үндсэн ажлаа тултал нь л хийе гэж бодсон.
-Эрчимжсэн мал аж ахуй ярихаар уламжлалт мал ахуйгаа устгах гээд байна гэдэг хандлага байдаг?
Зуднаар маш олон малаа алдаж байна. Тиймээс эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйгаа хослуулах ёстой. Мэдээж өв соёлоо тээж үлдээх нь зөв ч, өнөөдрийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглах ёстой.  Тэгэхээр эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйг хослуулан орлогоо нэмэгдүүлж, бизнесийн зарчмаар чинээлэг амьдрах уу эсвэл уламжлалт аж ахуйгаа бид барих ёстой гээд ядуу амьдраад байх ёстой юм уу. Судалгаанаас харахад монгол мал уургийн дутагдалтай байдаг. Идсэн тэжээлийнхээ 30 хувийг л өөртөө шингээж, бусдыг нь гаргачихдаг. Гэтэл гадаадын өндөр бүтээмжтэй аж ахуй дээр очоод харахаар идсэн тэжээлийнхээ 70-аас дээш хувийг өөртөө шингээгээд бусдыг нь гаргадаг. Тэгэхээр энэ нь эдийн засгийн хувьд ашигтай болж байгаа юм. Жилд хоёр удаа мал нядлах бус тэжээл, тэвээрэг сайн өгснөөр сар бүр малаа нядалж, ашиг шимийг нь хүртэх боломжтой болох юм.
-Гурилын үнийн асуудал өндрөө авч байгаад импортын гурилын онцгой албан татварыг тэглэж шийдлээ. Харин газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгийн тариаланчдад яаж тусаж байгаа вэ?
-“Нуухыг нь авах гэж нүдийг нь сохлов” гэсэн байр суурийг би чуулган болгон байнгын хорооны хурал дээр хэлсэн. Үнийн өсөлттэй тэмцэх ёстой ч устаж байсан газар тариалангийн салбартаа нэлээн их хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулж байж босгож ирсэн. Гэтэл импортын татварыг хугацаагүйгээр тэглэчих юм бол тэр том улсын гурилын салбартай манай улсын дөнгөж сэргэж байгаа салбарыг өрсөлдүүлэх ямар ч боломжгүй юм. Энэ салбараа унагаачих юм бол гурил шууд гадаад улсаас хамааралтай болно. Нэг л өдөр орж ирэхгүй бол, тэнд үнээ нэмчихвэл яах вэ. Энэ шийдвэрээ хугацаатай, нэг удаагийн арга хэмжээ авч болно.
-Тариаланчид юу гэж байна?
Бид улаанбуудайгаа үйлдвэрүүдэд аваачаад өгөхөөр тэд өөрсдийн лабораторидоо шинжилгээ хийдэг. Тэгээд III, IV зэргийнх байна гээд маш бага үнээр авдаг. Энийг болиулж улс улаабуудайн зэрэглэлийг шинжилж, тогтоодог больё. 
Бид улаанбуудайгаа хэдээр зарах гэж буйгаа мэдэхгүй л тариалдаг. Намар Тариалан эрхлэлтийн сангаас үнэ тогтоочихдог гэсэн асуудлууд ярьдаг. Эдгээр асуудлуудад арга хэмжээ авах ёстой учраас хавар тариалалт эхлэх үеэр доод үнийг зарлая гэж байгаа юм. Ингэхээр тариаланчид маань тооцоо гаргах боломжтой болно.
Мөн экспортыг нээлттэй болгоё гэж байна. Геополитикийн асуудлаас болж улс орнууд Оросоос гурил авахгүй байгаа. Иймд манай улсын тариаланчид хангаж чадна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.
-Нөгөө талдаа гурилын үйлдвэрийнхэн юу гэж байх юм?
Мэдээж тоног төхөөрөмжийн элэгдэл, хорогдол, үйлдвэрээ засаж шинэчлэх, сав баглаа боодол, түлшний үнийн өсөлт, цалин нэмэгдэж байна. Маш их зардал гарч байж улаанбуудай гурил болно шүү дээ. Гурил хаана зарагдаж байгаагаасаа шалтгаалж үнэ нь өөрчлөгддөг. Учир нь тээврийн зардал орно. Ямар дэлгүүрээр зарагдаж байгаагаа хамаарч үнэ нь бас өөр. Тэгэхээр гурилын үнийн асуудал дээр үйлдвэрүүдээ 100 хувь буруутгаж чадахгүй. Харин тариаланчидтайгаа гурил үйлдвэрлэгч нар нь ярилцаад, адилхан л ашиг шим хүртэж, хэрэглэгчдийн гар дээр хямдаар очих ёстой юм. 
-Өнгөрсөн өвөл зуднаар малчид малаа алдаж, зээлийн байдал нь нэлээд хүндэрсэн. Зээлийн даатгал гэж байна уу?
Малчид зээл авахын тулд малаа даатгуулдаг. Гэтэл эргээд зуднаар малаа алдахад нөхөн олговор нь тухайн сум, аймгийн малын хорогдол нь 10 хувиас дээж байх юм бол нөхөн олговор олгогддог зохицуулалттай. Гэтэл орон нутагт ганцхан малчин малаа алдаж болно. Тэгэхээр энэ буруу зохицуулалт байгаа юм. Газар тариалангийн салбар ч мөн адил. Хөдөө аж ахуйн салбарынхан зээл авахад заавал даатгал хийлгэдэг. Гэтэл нөхөн олговор байхгүй.  Энэ даатгалын тогтолцоонд анхаарах ёстой. 
-Органик бүтээгдэхүүний тухай хуулиа батлуулсан. Ямар бүтээгдэхүүнийг органик гээд байгаа юм? 
Төмс, хүнсний ногоогоо тарьж байгаа талбай нь тодорхой радиус дотор химийн бордоо ашиглаагүй, машин яваагүй байх ёстой. Зөвхөн органик бордоо хэрэглэнэ. Зэрлэгээ гараараа зулгааж, зөв сав баглаа боодолтой хэрэглэгчийн гарт хүртлээ органик байна. Үүнийг л органик бүтээгдэхүүн гээд байгаа юм. 
-Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг эхний таван жил татвараас чөлөөлөх билүү?
Монгол Улсдаа үйлдвэрлэж, органик бүтээгдэхүүн гаргаж байх юм бол ААН-ийн орлогын албан татвараас таван жил 100 хувь чөлөөлнө. Дараагийн таван жил нь 50 хувь чөлөөлнө. Үндсэндээ органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг нийгэмд танигдаад, зах зээлээ олж байршаад, хөл дээрээ босоод иртэл нь татварын хөнгөлөлтийг үе шаттай үзүүлж байна. 
-Тэгвэл тоног төхөөрөмж, ажлын байр бий болгоход нь хэрхэн туслах вэ?
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахад 50 хувийг нь буцаан олгож байна. Органик хүнс гэдгээ баталгаажуулах нарийн шинжилгээнүүд бий. Үүнийг мөн төрөөс дааж байгаа. Боловсролын байгууллагууд дэргэдээ органик хүнс үйлдвэрлэхийг дэмжих гэж байгаа. Яагаад гэвэл цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн хоол, хүнсээ ядаж эхлээд органик болгох алхам хийж байгаа. Мөн тариаланчид органик бордоо хэрэглэхэд төрөөс дэмжлэг олгох гэж байгаа. Олон нийтэд органик хүнс гэж юу гэдгийг таниулах ажлыг салбар яаманд хариуцуулж өгсөн. 
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Үүнийг боомт хотын хөгжил гэж ойлгож болох уу?
Одоогоор Алтанбулаг суманд Боомтын захиргаа, Чөлөөт бүсийн захиргаа, Алтанбулаг сумын засаг захиргаа ажиллаж байна. Гурван засаг захиргааны удирдлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах гэж хичээж ажиллаж байгаа. Цаашдаа энэ сумыг боомт хот болоосой гэж хүсэж байгаа. Алтанбулаг боомт баригдаад дуусах шат руу орж байна. ОХУ-ын талтай 24 цагаар үйл ажиллагаа явуулах асуудлаар яриа хэлэлцээрийг Боомтын сэргэлтийн сайд хийсэн байна лээ. 
-“Ундрам” хөгжлийн сан хэзээ байгуулагдсан, нийгэмд чиглэсэн ямар ямар ажлуудыг хийсэн байдаг вэ?
2016 онд байгуулж байсан. Байгуулах болсон шалтгаан нь “Өнөр бүл” улсын асрамжийн газартай манай ээж ойр ажилладаг байсан. Ээж маань тус асрамжийн газарт орж үзэхэд гудас, хөнжил цагаан хэрэглэл нь сэмэрч, муудсан байсан гэсэн. Тухайн хүүхдүүд амьдрах орчин ямар байхыг мэдэхгүй, хэрэгтэй байгаа зүйлээ хэлж чаддаггүй нөхцөл байдалтай байсан. Багш нар нь өмнөө нь хэлбэл хэлнэ, хэлэхгүй бол хэлэхгүй. Улстөрчид эдгээр хүүхдүүд сонгууль өгөх насных болохоор нэг их анзаардаггүй л байсан. Энэ газар ээж маань өөрөөсөө болон найз нөхдөөсөө хандив босгоод цагаан хэрэглэл, хөнжил, дэвсгэрийг нь шинэчилж өгч байсан юм. Тус төвийн хүүхдүүд “Миний мөрөөдөл” гэх зохион бичлэгийг ээж маань уншихад нэг охины мөрөөдөл нь “Энгийн сургуульд сурах, энгийн хүүхэд шиг байх” талаар байсан. Тэр хүүхэдтэй уулзахад төрөлхийн эрүү, нүүрний гажигтай хүүхэд байсан. Үүнээс нь болж түүнийг оюуны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд явуулдаг. Тэгээд ээж маань “Чи энэ хүүхдэд туслах ёстой” гэж даалгасан. Би ч хоёр, гурван жил тэр охиныг дагуулж эрүү, нүүрний хагалгаанд оруулж, эмчилгээ хийлгэсэн. Эмч нар маань нийгмийн хариуцлагын хүрээнд гээд үнэгүй хагалгаа хийж өгсөн. Зөвхөн материалыг авах мөнгийг авсан. Тэр үед хөгжлийн сан байгуулах ёстой юм байна гэж бодоод сангаа байгуулж байсан. Одоо тэр охин маань мэргэжил эзэмшиж, ажил эрхлээд явж байгаа.
Хөдөө орон нутагт очиж ажиллахад шинэ боловсон хүчнүүдэд амьдрах байр, орон сууцны асуудалтай тулгардаг. Үүнийг энэ сангаараа шийдэж, хоёр суманд орон сууц барьсан. Энэхүү орон сууцаа ямар нэгэн ашиг шингээхгүйгээр яг өртгөөр нь ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамруулж байгаа. 
-Дөрвөн жилийн өмнө би тантай ярилцлага хийж байхдаа “юунд суралцахыг хүсэж байна” гэж асуухад та “Хэлний мэдлэгээ сайжруулахад суралцана” гэж хариулж байсан. Хэлний мэдлэгээ дээшлүүлж амсан уу?
Би хэлний мэдлэгээ сайжруулж чадаагүй. Бусдын хүүхдүүдийн хэлний мэдлэгийг сайжруулахад санаа тавилаа. Гэхдээ маш олон төрлийн мэдлэг хуримтлуулж чадсан. Хууль, эрх зүй, хөдөө аж ахуй, соёл урлаг, батлан хамгаалах, гадаад харилцаа, эдийн засаг, банк санхүү гэх мэт маш олон салбарт гүн гүнзгий мэдлэгтэй болж чадсан байна. 
-Одоо юунд суралцахыг хүсэж байна вэ?
Одоо би өөрийгөө яг хэрэгтэй үед нь амрааж  сурмаар байна. Тэгэхгүй бол орой унтах гэж байхад ажил бодогддог. Өглөө сэрэнгүүт ажил бодогддог. Заримдаа өөрийгөө тусгаарлаад, тархиа амраавал илүү бүтээмжтэй ажиллаж чадна шүү дээ.
Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Х.ДОРЖ

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа