Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлгийн 7 дугаар хурлын дэд даргаар Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа сонгогдон ажиллав.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа цахим худалдааны бодлого, санаачилгыг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх сайн туршлага, арга хэрэгслийг тодорхойлоход чиглэсэн “Үнэлгээнээс цахим худалдааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт хуралдааныг даргалж, мөн үеэр Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг хэрэгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд баримталж буй бодлого, цахим худалдааны орчныг бий болгох, мөн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гарч буй ахиц дэвшлийн талаар танилцуулав.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг боловсруулж, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ивээл дор 2023 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо танилцуулсан.

Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлэг нь мэдээлэл, харилцаа холбооны технологи, цахим худалдаа, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын хүчин чармайлтыг дэмжихийн зэрэгцээ улс орнуудын цахим хуваагдлыг багасгаж, илүү хүртээмжтэй, мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэхийг зорьж байна гэж Женев дэх Монголын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа