Спортын төв ордны өргөтгөлд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Ачааллын дараах нөхөн сэргээх эмчилгээний хэсгийн нээлт боллоо. 

Арга хэмжээнд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүс оролцлоо.

Энэ барилгад засвар үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт улсын төсвийн нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.

Монгол Улсад анх удаа үүд хаалгаа нээж буй энэ төвд 10 төрлийн 20 гаруй тоног төхөөрөмж бий.

Онцолбол, "Targeted radiofrequncy" төхөөрөмж нь тамирчдын булчин амраах, эд эсийг сэргээх, хаван бууруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээ үзүүлдэг бол Mergen аппарат нь хүний биеийн хэсгийг цочроох зорилгоор долгионы тусламжтайгаар өвдөлт намдаах зорилгоор ашигладаг юм. Монголын баг тамирчдын одоо үзүүлж буй амжилтыг нэмэгдүүлэхэд дээрх төхөөрөмжүүд жинтэй нөлөө үзүүлнэ гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.

Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ сайд “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн талаар төрийн дэвшүүлсэн томоохон бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бид шинжлэх ухаанд суурилах ёстой. Тиймээс Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг бид онцгойлон анхаарч, ажил авснаас хойших хугцааанд 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна” гэж тодотголоо.

Харин Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг “Спортын шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнуудтай өрсөлдөхүйц хэмжээний тоног төхөөрөмжөөр хангагдсанаар тамирчдын ажиллах чадвар нэмэгдэж, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэлээс бэлтгэлийн хооронд дахь сэргэлтийг хурдасгах зэрэг давуу тал гарна” хэмээн тэмдэглэлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа