90 настай Ц.Раднаа Ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа авчээ
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр БТСУХ-ны ёслол хүндэтгэлийн танхимдаа хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д бахдам амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв.
Швед улсын Готенбург хотод наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход гавьяат тамирчин Ц.Раднаа уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, алтан соёмбот далбаагаа зургаантаа мандуулж, төрийн дуулалаа зургаантаа эгшиглүүлсэн юм.
ДАШТ-ий 90-95 насныхны 100, 200, 400, 800, 1500 болон уртын харайлтын төрөлд алтан медаль хүртсэн Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд н.Туваандоржийн удирдлага дор анхлан бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэнээс өнөөг хүртэл спортоор тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд ДАШТ-ээс 27 алт, хоёр мөнгөн медаль, Азийн АШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн байна.
Тив, дэлхийн замд цөөн хугацаанд уралдсан түүний медалийн цуглуулгад хүрэл медалиас бусад нь бий. Тэрбээр долоо хоногийн амралтын хоёр өдрөөс бусад өдөр тасралтгүй бэлтгэл сургуулилт хийдэг тухай хуучилна. Түүний дараагийн зорилго нь Мастеруудын дэлхийн аварга, 2028 онд болох ахмадуудын олимпын наадам юм байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Санал болгох
-
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/34 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Төв аймгийн Баянчандмань су...
-
Дэлгэц удаан хугацаагаар харах нь нүд ядрах, нүд хуурайших, толгой өвдөхөд хүргэдэг. Яг ийм үед завсарлага авах хэрэгтэй.
Сэтгэгдэл