
- Сэтгүүлч
- 2024/11/13
- 174
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн С.Замира, Б.Хэрлэн, М.Сарнай, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал, Б.Пунсалмаа, М.Мандухай, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа-Нара, Д.Энхтуяа, А.Ариунзаяа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Колман нар оролцлоо.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн Д.Хүрэлмаа 2023 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүнг танилцуулсан. Тэрбээр, уг судалгааг хийхдээ эрэгтэйчүүдийн асуулгыг хоёр өрх тутмын нэгд амьдарч буй 15-49 насны бүх эрчүүдээс авсан. Мөн судалгаанд хамрагдсан 5-17 насны хүүхэдтэй өрх бүрээс нэг хүүхдийг санамсаргүй сонгосон гэв. Нөхөн үржихүй болон эхийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл болон хөгжил, боловсрол, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалагдсан байдал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, амьдралын тэгш боломж зэрэг үзүүлэлтээр судалгааг хийсэн гэж байлаа.
Дараа нь тус байгууллагын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл “Хүний папиллома вирусийн халдвар, дархлаажуулалт”-ын талаарх мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр хүний папиллома вирусийн дамжих болон сэргийлэх арга зам, дархлаажуулалтын зорилт, вакцины үр дүнгийн судалгаа зэргийг танилцуулаад папиллома вирусээс сэргийлэхэд хамтран ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүссэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүдийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа цаашид хамтран ажиллах талаараа санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Санал болгох
-
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролц...
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилга...
Сэтгэгдэл