Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны XX хурал эхэллээ
Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны XX хурал Япон улсын Саппоро хотноо болж байна. Уг хуралд Япон, БНХАУ, БНСУ, Финланд зэрэг 11 улсын 22 хотын удирдлага, төлөөллүүд оролцож, “Өвлийн хотуудад зориулсан шинэ боломжууд-тогтвортой нийгмийг бий болгох нь” сэдвийн хүрээнд байгаль орчны бодлого, эдийн засгийн үйл ажиллагаа, хотын хөгжил зэрэг дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Өвөл болдог хотуудыг нэгтгэж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх, туршлага судлах зорилготой уг холбоо 1981 онд байгуулагдсан бөгөөд Япон улсын Саппоро хотод 1982 онд анхны чуулганаа зохион байгуулж байжээ. Тус холбоонд Улаанбаатар хот 1998 онд элсэж, хамтын ажиллагааг эхлүүлсэн юм.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг уг хуралд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй холбогдох албаныхан оролцож байна.
Хурлын үеэр НИТХ-ын төлөөлөгч, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр “Улаанбаатар хотын байгаль орчны тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр илтгэл танилцуулж, дэлхийн өвлийн хотуудын дарга нар санал солилцов.
НИТХ-ын төлөөлөгч, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр “Улаанбаатар хотын нийт усны хэрэглээ одоогоор хоногт 250.000 шоо метр байгаа бөгөөд 2040 онд хоногт 571.850 шоо метр болохоор ажиглагдаж байна. Уг хэрэглээг хангахын тулд нийт усны хэрэглээний 50 хувийг гүний эх үүсвэрээс, 25 хувийг гадаргын эх үүсвэрээс, 25 хувийг цэвэршүүлсэн усны эх үүсвэрээс тус тус хангахаар төлөвлөж байна. Унд, хүнсний үйлдвэрийн хэрэглээнд гүний усны эх үүсвэрийг ашиглаж, зам талбай, ногоон байгууламжийн усалгаанд цэвэршүүлсэн усыг хэрэглэхээр зорьж байна. 2025 оноос ашиглаж эхлэх Мянганы сорилтын сангийн Баруун эх үүсвэрийн төсөл нь хоногт 140.000 шоо метр ус төвлөрсөн хангамжийн системд нийлүүлэх хүчин чадалтайгаас эхний ээлжид 75.000 шоо метр усыг хоногт нийлүүлнэ гэж тооцсон. Баруун эх үүсвэрээс Улаанбаатар хотын шинэ төв буюу Яармаг орчим болон баруун урд хэсгийн суурьшлыг цэвэр усаар хангахаар төлөвлөж байна” гэдгийг илтгэлийн үеэр хэлж байв.
Сэтгэгдэл