АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр цагаачлалын бус F, J, болон I ангиллын визтэй гадаадын оюутан, солилцооны хөтөлбөрт оролцогч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид АНУ-д оршин суух хугацаанд тодорхой хугацаа заадаг болох тухай шинэ журмын төсөл танилцууллаа. Энэ нь гадаад улсын иргэд АНУ-ын визийн журмыг зөрчих, хууль бусаар удаан хугацаанд тус улсад оршин суух явдлыг бууруулж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахад чиглэгдсэн ажээ.

Одоо хэрэгжиж буй журмаар дээрх 3 ангиллын визтэй иргэд АНУ-ын хилээр нэвтрэх үед паспорт дээр нь “Duration of Status” гэсэн тэмдэглэгээ хийж өгдөг ба ингэснээр тухайн иргэн статусаа хэвээр хадгалж байгаа нөхцөлд АНУ-ыг орхин гарах цаад хугацаа гэж байдаггүй байсан. Тухайлбал, F визтэй оюутан паспорт дээрээ 1 сарын хугацаанд АНУ-д нэвтрэх зөвшөөрөл бүхий визтэй байсан ч АНУ-ын хилээр нэвтрэн орж ирэхэд нь түүнд “Duration of Status” тэмдэглэгээ хийдэг бөгөөд тухайн оюутан сургуульдаа үргэлжлүүлэн сурч, оюутны статусаа хүчинтэй байлгасан тохиолдолд хэлний бэлтгэлээс эхлээд бакалавр, магистр, докторын зэрэг горилох хүртлээ АНУ-д хууль ёсны дагуу амьдрах боломжтой.

Харин энэхүү шинээр танилцуулсан журам хэрэгжиж эхэлбэл, F, J, I визтэй цагаач бус иргэдийг АНУ-ын хилээр нэвтрэх үед 2 жилийн хугацаа дарж өгөх бөгөөд инэгснээр оюутны хувьд урьдын адил өөрийн оюутны статусаа хүчинтэй хэвээр хадгалахын тулд сургуульдаа заавал сурах шаардлагатай ба 2 жилийн дараа АНУ-д оршин суух хугацаагаа давхар сунгуулах шаардлага үүсэх юм.

Шинэ журам нь F, J, I визээр нэвтэрсэн иргэд нь АНУ-д оршин суух хугацаагаа хэтрүүлсэн үзүүлэлт 10%-иас дээш үзүүлэлттэй байгаа 60 гаруй улсын иргэдэд хамаарах аж. Өнөөдрийн байдлаар АНУ-д манай улсаас 2,972 оюутан байдаг бөгөөд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээгээр 2018 оны байдлаар манай улсаас сурч буй оюутны 13,13%, 2019 оны байдлаар 12,25% нь визийн хугацаагаа хэтрүүлсэн үзүүлэлттэй байна.

Шинэ журмын төсөл батлагдсан тохиолдолд Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас монгол оюутнуудад олгож буй визийн хугацаа хэвээр байх бөгөөд 2 жилийн дараа АНУ-д байх хугацаандаа буюу эх орондоо заавал буцалгүйгээр визийн хугацаагаа сунгуулах боломжтой.

Одоогоор журмын төслийг олон нийтэд 30 хоногийн турш танилцуулж, санал авах ажил хийгдэж байгаа юм байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа