УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдлаа.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах Боловсролын салбарт хийх шинэчлэлтэй холбоотой асуудлаар хийлгэсэн судалгааны дүнг танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, Монголын ерөнхий боловсролын сургуулиудын анхдагч суурь хэрэгцээ болох сургуулийн барилгын норм, стандарт зөрчигдсөнөөс олон сургуульд сургалтын чанар алдагдаад байна. Стандарт мөрдөгдөөгүй, даац хэтэрсэн зэргээс болж багш, хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тул нэн яаралтай засч залруулах шаардлагатай. Боловсролыг тэргүүлэх салбар болгож, сургалтын чанарыг сайжруулахын тулд сургууль, цэцэрлэгийн барилгын норм, стандартыг мөрдүүлж, сургалт хэвийн явах наад захын нөхцлийг бүрдүүлэх, багшийн хомсдолыг арилгаж, шилдэг төгсөгчид багш мэргэжил сонгодог болох тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй. Мөн эдийн засгийн болон оюун санааны хөшүүргийг бий болгох, сургуулиудын бие даасан байдлыг хангах, менежментийг сайжруулж, технологийн коллежийг олноор байгуулах, мега төслүүдийг гардан хийх үндэсний инженерүүдийг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай хэмээлээ.

Тухайлбал, шилдэг төгсөгчид багш мэргэжил сонгодог нөхцөлийг бүрдүүлэхийн тулд амьжиргааны тэтгэлэг олгох, нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах нь үр дүнтэй хэмээн судлаачид үзжээ. Сургалтын хүртээмжийг сайжруулах, анги дүүргэлтийг 40-өөс доош болгохын тулд сургуулиуд нэмж барих шаардлагатай гэж үзжээ. 2028 он хүртэл улсын хэмжээнд нийт 108 сургууль барих бөгөөд үүний 24 нь орон нутагт, 84 нь Улаанбаатарт барих хэрэгцээ бий юм байна. Үүнд 1.6 их наяд төгрөг шаардагдах судалгаа гарчээ. Харин багшийн хомсдолыг бууруулахын тулд жилд дунджаар 50 орчим тэрбум төгрөгийн төсвөөр Багшийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, 2028 он хүртэл 2000 багштай боломж бий гэж тооцоолсон байна.  Үүнд “Шилдэг төгсөгч төрөлх сургуульдаа” "Нөөц багш бүрдүүлэх", "Ипотекийн зээл", "Багшийн карьерыг дэмжих" хөтөлбөрүүд хэрэгжүүлж, багшийн мэргэжлийг сонгон суралцсан төгсөгч болон багшийн мэргэжилтэй ч өөр чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс нөөц бүрдүүлж хомсдолыг бууруулах боломжтой гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Р.Батболд, бага сургуулийн цогцолборын хэрэгцээ шаардлагыг тодорхой болгох, УИХ-ын гишүүн О.Саранчулуун хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний талаар, ойрын жилүүдэд тэтгэвэрт гарах багшийн тоо, багшийн туслах, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах боломжтой багшийн тоог нарийвчлан тооцохыг, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн багш мэргэжлээр төгсөгчдийн орон нутагт нь ажиллах хугацааг сунгах, багшийн хомсдолыг мэргэжил тус бүрээр нь гаргах, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар тус тус санал хэлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа