Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Оросын Холбооны Улсын Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дэд сайд Зверев Дмитрий Станиславович болон Дэд сайд Шило Алексей Николаевич нартай 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр Москва хотноо албан уулзалт хийлээ.
 
Уулзалтаар Монгол, Орос, Хятадыг дамнасан эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх, хоёр улсын хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх, тээвэр, логистикийн салбарын чиглэлээр өргөн хүрээтэй асуудлуудаар ярилцлаа.
 
Азийн авто замын сүлжээний АН-3, АН-4 чиглэлийг идэвхтэй ашиглах, авто замыг өргөтгөх, транзит тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцов.
 
Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замыг сайжруулах, Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг байгуулах, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр замын төслийг хэрэгжүүлснээр ази, европыг холбосон томоохон транзит тээврийн коридор бий болгох ач холбогдол өндөртэй тул эдгээр асуудлуудыг цаашид хамтран судлах шаардлагатайг талууд онцолж байв.
 
Мөн Эрээнцав-Соловьевск төмөр замын ачаа болон зорчигч тээврийн боомтыг олон улсын зэрэглэлтэй болгож өөрчлөх, Монгол орны хойд бүсийн зарим боомтоор нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар хамтран судлахаар тогтов.
 
Цаашид талууд хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх, боомтын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, боомт руу чиглэсэн дэд бүтэц зэрэг бүхий л асуудлыг хамаарсан бодлогын баримт бичиг буюу “хамтарсан замын зураглал”-ыг урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэйгөөр боловсруулан баталж, хэрэгжүүлэхээр боллоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа