
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Абдулсалам Бин Мухаммад АльМуршиди-г 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оманы найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
Сайд Б.Батцэцэг энэ оны 02 дугаар сард Гадаад харилцааны сайдын хувиар Оманы Султант Улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүн гарч Оманы хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлан холбогдох яамд, газруудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Гадаад харилцааны яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.
Ерөнхийлөгч Абдулсалам АльМуршиди айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудтай тус тус хийсэн уулзалт нь үр дүнтэй болж, хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээллийг авснаа тэмдэглээд ойрын хугацаанд анхны жишиг төслийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Талууд цаашид хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулах зорилгоор хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудлыг судалж, холбогдох байгууллагуудын түвшинд хэлэлцээ өрнүүлэхээр тохиролцлоо.
Санал болгох
-
Прокурорын байгууллага 2025 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53.581 эрүүгийн хэрэгт ...
-
Сүүлийн үед нийслэл болон орон нутгийн нуур, цөөрөм, гол мөрний эрэг орчимд бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Энэ нь з...
Сэтгэгдэл