Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын 5.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээний тэмдэглэлд Сангийн сайд Б.Жавхлан, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA-ийн Ерөнхийлөгч Жан Ван Сам нар 2025 оны наймдугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурлаа.
 
Уг төсөл нь Эрсдэлийн удирдлага ба зорчигчийн ачаа тээшийн хяналтын системийг нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар гаалийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих зорилготой юм.
 
Монгол Улсын гадаад худалдааны хэмжээ сүүлийн 3 жилийн дунджаар жил бүр 20 хувиар өсөж, үүнтэй зэрэгцэн улсын төсөвт эзлэх Гаалийн орлогын хувь хэмжээ 22 хувьд хүрчээ.
 
Гэвч техник технологийн хүрэлцээгүйгээс гаалийн шуурхай бүрдүүлэлт хийх, худалдааг хөнгөвчлөх асуудал хүндрэлтэй байв.
 
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр гаалийн үйл ажиллагааны ил тод байдал, үр ашиг нэмэгдэж, улсын төсвийн орлогын бүрдүүлэлт, эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
 
Гарын үсэг зурах ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, КОЙКА-гийн Ерөнхийлөгчийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал нарын албаны хүмүүс оролцлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа