УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн саналыг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр авахаар тусгажээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир нар Байнгын хорооны дарга болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг дангаар нь зохион байгуулж явуулахад 28 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай, харин Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэг тэрбум орчим төгрөг шаардагдах тооцоо гарсан. Иймээс зардал хэмнэх үүднээс Улсын Их Хурлын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт явуулах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.1 хувь нь дэмжсэнээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Үргэлжлүүлэн  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан юм.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" тогтоолын төсөлд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгажээ. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Амарсайхан, Н.Алтанхуяг, Ж.Мөнхбат нар Байнгын хороо, ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.mn сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа