Дөнгөж төрсөн ээжид хүнлэг бус хандсанд бухимдсан иргэд өчигдөр өглөө Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж эхэлсэн. Гэвч энэ жагсаалыг улс төржүүлэх зорилготой улс төрийн намууд ээлж дараалан гарч ирж, ярилцлага өгч, лайв хийж байлаа. Эхний ээлжинд Үнэн ба зөв намын дарга Х.Отгонбаатар зузаан цэнхэр халад ягаан тавчигтай талбай дээр баахан ярилцлага өглөө.



Үүний дараа  АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгын фракцийнхан гэгдэх УИХ-ын гишүүн Ц.Туваан, Баянхонгор аймгаас сонгогдсон Д.Ганбат, Адьяасүрэн нар гарч ирэн мэдээлэл хийж, баахан ярилцлага өгөв. Мөн Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай ч тэднээс хоцорсонгүй.



Сүүлийн үед архи пиво ууж, лайв хийж мэргэшээд байгаа Л.Гүндалай  бүтэн цаг лайв хийж эрүүл мэндийн салбар ялзарч доройтсон тухай ярьсан юм. Гэхдээ өмнө нь эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын хэрэгт холбогдож байсан Л.Гүндалайгийн үг төдийлөн хүнд хүрсэнгүй бололтой.




Өдөр 17 цагт Засгийн газар хуралдсан. УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж эхэллээ. Төрийн ордонд 19 цагт Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөх болсноо зарлан хэвлэлийн бага хурал хийв. УОК-т хариуцлага тооцохыг шаардаж байсан иргэд энэ үед тарж, шинээр АН-ынхан зохион байгуулалттайгаар залуучуудыг авчирч, өглөө эхлүүлсэн жагсаалын агуулга ч энэ хэрээр өөрчлөгдөн “Засгийн газрыг огцруулах, Оюутолгойн гэрээг цуцлах жагсаал болон хувирах нь тэр.



АН-ын зүгээс цай аарц, маск тарааж байгаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, Сүхбаатарын талбайн ойролцоох рестрануудад үнэгүй цай ууж дулаацахыг урьж эхлэв. Орой 20 цагийн үед Зон олны намын дарга Э. Одбаяр жагсаалд нэгдэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэрээр “Энд тэндэхийн жагсаалд байнга оролцдог жагсагч тэмцэгч нарирээд байна. Женкогийн турхиралтаар, зохион байгуулалтаар энд хэсэг хүмүүс яваад байна. Бид нярай хүүхдийн асуудлаар, эрүүл мэндийн асуудлаар цугларсан. Би Женкогийн шоуг хийх гэж энд цуглаагүй” хэмээн мэдэгдсэн юм. Шөнийн 22 цагийн үед  Сүхбаатарын талбай дээр согтуу иргэд нэмэгдэж байсан бөгөөд нэг нэгэндээ агсрах, чанга орилж эхэлцгээсэн.

Уг нь дөнгөж төрсөн нярай, нялх биетэй ээжийг өмөөрсөн жагсаал маш тайван эхэлж, иргэд зайгаа барин шаардлагаа тавьж, маск зүүж, халдвар хамгааллын дэглэм нарийн баримталж байсан ч сүүлдээ улс төрчдийн шоу болон хувирч, иргэд зай барих нь бүү хэл нэг аяга дамжуулан цай ууцгааж, архи хүртэл сэм тарааж  согтуурцгаалаа. Эхчүүдээ өмөөрч, эрүүл мэндийн салбарыг шүүмжилсэн энгийн иргэдийн жагсаалыг улс төржүүлсэнд олон хүн бухимдаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа