Хойд хөршид жагсаал болж байна. Зарим хэвлэлээр баривчлагсдын тоо 10 мянгыг давсан гэж мэдээлж байгаа бол зарим хэвлэл гурван мянгад хүрчээ. Путинтэй “үзэлцсээр” ирсэн Алексей Навальный “Путины харш: Түүний дээрмийн систем” гэх нэг цаг гаруйн баримтат киногоо цацсаны дараа түүнийг баривчлав.

Агуулга нь л шинэ болохоос ОХУ-д дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн жагсаал, цуглааныг бодвол тийм ч шинэ зүйл биш. Навальныйг ч баривчлааад, суллаад, баривчлаад суллаад эгээтэй л “йо-йо” тоглоом шиг ашигладгыг нь бодвол тийм ч шинэ зүйл биш. Гэхдээ энэ удаагийнх нэг зүйлээрээ өөр. Энэ бол үнэт зүйл болсон эрхийнхээ төлөө тэмцэж буй 40 мянган оросуудын жагсаал. /Ройтерсийн мэдээг эш болговол шүү дээ/. Сүүлд BBC агентлагийн мэдээлснээр 112 хотод Путиныг эсэргүүцэн, эрх чөлөөнийхөө төлөө жирийн оросууд тэмцэж байна.

Гэхдээ одоо ОХУ-д болж буй жагсаалын тухай бус иргэний үндсэн эрхийн тухай ярилцах болно. Хойд хөршид болж буй жагсаалаас зүг хойно Улаанбаатарт жагсаал зохион байгуулагдсан. Агуулга нь цар тахлын үеэр дөнгөж төрсөн нялх үр, нялх биетэй жирэмсэн эхийг нимгэн хувцастай тээвэрлэсэнд оршиж байлаа. Хэвлэл мэдээллээр ил цагаан цацагдсан энэ дүрс үнэт зүйл, эрх ашгаа хамгаалах хүсэлтэй олон арван монголчуудыг эгдүүцүүлж орхисон нь энэ. Дүрс цацагдсан даруйдаа сошиал хуудсуудаар өвсөнд тавьсан гал лугаа авалцаж олон арван хүн эрх ашгаа хамгаалахын тулд талбай дээр цуглав. Өглөө 11:00 цагаас хойш эхэлсэн жагсаал алгуур нэмэгдсэн 10 гаруй мянган хүнийг хамарсан жагсаал болж хувирсан билээ. Жагсаалын дүр зургийг харсан бол “УОКцор”, “Коронавирустэй ч тэр бол хүн” гэх үг бүхий лоозон барин жагсаж байлаа. Жагсаалын үеэр хэд, хэдэн хүн нүцгэлж бид ч бас тэдэнтэй адил гэдгийг үйлдлээрээ ойлгуулах гэж оролдсон. Нүцгэлсэн хүмүүсийг цагдаа нар учирлаж, аргадаж байж болиулжээ. Яахав улс төрийн оноо хайх гэсэн зарим нэгэн нь аль нэг өнгө будгаар будахыг хүссэн ч иргэд угаасаа тэднийг мэддэг болсонд асуудлын гол нь оршиж байлаа. Дараа нь юу болсныг эрхэм уншигч та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа илэрхийлж хэвлэлд хандсан. Үүний дараахан нь У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа мэдэгдэж, УИХ-аар хэлэлцүүлсэн. 95.2 хувиар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг УИХ дэмжсэн. Ардчилсан чиг баримжаатай парламентат улсын нэг онцлог нь энэ. Тэнд гаргаж буй цагдаа нарын харилцаа, жагсаж буй иргэдийн хандлага, иргэдийнхээ хандлагыг мэдэрч буй засаг захиргаа. Онцгой нөхцөл гээд жагсаалыг тараасангүй. Иргэд нь ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад жагссан. Засаг нь иргэдээ элдвээр хааж боосонгүй тэр дороо цулбуураа өөр нэгэнд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ бол бидний сонгож аваад замнаж буй ардчилсан нийгмийн гол үнэт зүйл, шинж чанар, жанжин шугам юм.

Үүнээс ердөө хэдхэн хоногийн дараа хойд хөрш улсад болсон жагсаалын дүр зургийг хэрэв та ажигласан бол арай өөрийг харах болно. Засгийн газар нь үнэнийг илчилсэн сөрөг хүчнийхээ тэргүүнийг ээлжит удаагаа баривчлав. Бүр эхнэрийг нь хүртэл баривчиллаа. Жагсаалыг тусгай албадаар тараалгаж, хуягт тээвэрлэгчээр сүрийг үзүүлэв. Үзэл бодлоо илэрхийлсэн 4000 илүү хүнийг баривчиллаа. Зарим дүр зургаас харвал хууль, хүчнийхэн илтэд хүч хэрэглэж, заримыг нь өөр хэрэгт тохож, эмэгтэй гэлтгүй тийрч унагаж байгааг харж болно. Элдвээр хэлж эрхийг нь зөрчих бол энүүхэнд. Энэ бол сүүлийн арван жилд ажиглагдах болсон дүр зураг. Иргэд үзэл бодлоо илэрхийлээд жагсах бүрд хүч хэрэглэн тарааж, түүнийг нь гаднын тэр дундаа барууны бүлэглэлүүдийн явуулсан бодлого мэт харагдуулсаар ирсэн.

Энэ удаад ч мөн ийм л зарчмаар хандаж байгаа. Үүнээс нэг зүйлийг ойлгочиход гэмгүй. Бид муу ч сайн ч ардчилсан замналтай. Буруу, зөрүү ч үзэл бодлоо илэрхийлдэг. Аль өнцөг, ямар ч өнгийн будгаар харсан бай сошиал хуудаст чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг, зүүн ч, баруун ч аль ч зүгийнх бай улс төрийн намууд нь иргэдийнхээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхийг дэмждэг гэдгийг харж болохоор байна. Эрх ашгаараа өөр зүг рүү хэлбийсэн зарим нэг этгээд троллуудаараа Путиныг шүтээд, хүчтэй удирдагч хэрэгтэй гэж сэвдэг нь зүгээр л эрх ашгийн цулбуураа алдахгүйг хичээсэн атгаг санаа гэдгийг ч иргэд ойлгочихсон байх. Өнгөрснөө саналгалзаад, буцаж алхах гээд байгаа хэн нэгэн ч одоо болж байгаа зүйлсийг ажиглаад дүгнэлт нь ч өөрчлөгдсөн байж магадгүй. Хэн нэгэн хүчтэй удирдагч байлаа гээд тэр олон мянган иргэдийнхээ хэлэх үг, бодох бодлыг хязгаарлаж чаддаггүй аж. Бүр ямар ч баатарлаг туульсаар үзэл суртлын бөмбөг дэлбэлсэн иргэд гэдэг ийм хүчтэй. Иргэдийн хүчээр улс төрийн оноо авдаг. Мөн тэдний хүчээр цэвэр ялагдаж улс төрийн тавцангаас буудаг. Магадгүй оноогоо автоматаар өндөрсгөөд, тавцандаа “хүчээр” хадагдаж болох ч тэр нь уддаггүй, улс орон нь ч сэхэл авдаггүй. Үүнийг энэ цагийн их гүрэн ч, өнгөрсөн цагийн хуучин түүх ч бэлхэнээ харуулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа