Өмнөд Солонгос Улсад авлигатай тэмцэх шинэ зохицуулах байгууллага удахгүй ажиллаж эхлэх ба уг байгууллага нь төрийн өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий хувийн компаниуд, тэдний ажилтнуудын оролцоотой хэргийг хариуцан ажиллах болно.

Солонгос Улс төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх бүхий бие даасан мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага болох Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах алба (АХМША)-ыг байгуулах ажлыг түргэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн сард баталсан.

Энэхүү АХМША-ыг байгуулах нь тус Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг 2017 онд албан тушаалд томилогдсоноос хойш хэрэгжиж буй түүний мөрийн хөтөлбөрт тусгагдсан “төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийн үйлдсэн гэмт хэргийг үндсээр нь устгах, улс орны ил тод байдал, төрийн албан хаагчдад итгэх итгэлийг сэргээх” гэсэн зорилгод нийцсэн арга хэмжээ байсан юм.

Дээрх шинэ хуулийн дагуу ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарсан төрийн өндөр албан тушаалтнууд (жишээлбэл, Ерөнхийлөгч, прокурор, шүүгч, Үндэсний Ассемблейн гишүүд) болон тэдний гэр бүлийн гишүүдтэй холбоотой гэмт хэрэг, тэр дундаа хээл хахууль, эд хөрөнгийг шамшигдуулах, итгэлцэл зөрчих, зүй бус орлогыг нуун дарагдуулах зэрэг гэмт хэргийг мөрдөн шалгах эрхийг АХМША-нд олгожээ. АХМША-ны мөрдөн шалгах эрх мэдэл нь бусад мөрдөн шалгах байгууллагуудын үйл ажиллагаанаас давамгай байх ба тус байгууллагын мөрдөх үйл ажиллагааны хүрээнд багтсан аливаа гэмт хэргийн мэдээллийг бусад агентлагууд нэн даруй АХМША-нд мэдэгдэх ёстой. Мөн шаардлагатай үед АХМША нь бусад агентлагийн хэргийг өөрийн байгууллагад шилжүүлэн авах боломжтой ажээ.

АХМША-ны үйл ажиллагааны нэг онцлог нь уг байгууллага зөвхөн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн үйлдсэн гэмт хэргээс гадна төрийн өндөр албан тушаалтнуудад хахууль өгсөн этгээдүүдэд болон өндөр албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргийн хамсаатан болсон этгээдүүдэд хамааралтай гэмт хэргийг ч мөрдөн шалгах болно.

Өөрөөр хэлбэл зөвхөн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүд төдийгүй бусад этгээдүүд, тухайлбал хувийн компаниуд, тэдний ажилчид АХМША-ны мөрдөн шалгах ажиллагаанд хамрагдана гэсэн үг юм.

Мөн тус байгууллага нь прокурор, шүүгч, цагдаагийн өндөр албан тушаалтнуудын (болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн) үйлдсэн гэмт хэрэг болон тэдгээртэй холбоотой аливаа хэргийг мөрдөн шалгаж яллах бүрэн эрхтэй. Энэ чиг үүргийг өмнө нь зөвхөн Прокурорын газар хэрэгжүүлж ирсэн.

Дээрх хуулийн шинэчилсэн найруулгын дагуу АХМША-ны даргыг сонгон, томилох ажил явагдаж байгаа бөгөөд нэр дэвшүүлж буй хүнийг баталгаажуулах сонсгол энэ долоо хоногт болсон.

АХМША-ыг ойрын хэдэн сард эмхлэн байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх тул Солонгос Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд тус улсын өндөр албан тушаалтнуудтай харилцах харилцаатай холбоотой эрсдэл байгаа эсэхийг үнэлэн үзэж, цаашид илүү болгоомжтой харилцах шаардлагатай болсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа