Эх сурвалж: https://www.washingtonpost.com

Хуавэй компанийн санхүүгийн захирлыг шилжүүлэн өгөх тухай шүүх хурал үргэлжлэх бололтой байна. Шүүхийн шийдвэр Канад болон БНХАУ-ын хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Канад Улсад хэргийг хааж шийдвэрлэх талаар анхааруулсан ба АНУ нь БНХАУ-ын технологийн томоохон компанийг унагах гэж оролдож байна гэж мэдэгдэв. Хуавэй компанийн үндэслэгчдийн нэгний охин, тус компанийн санхүүгийн захирал Мэнг Ванзоуг 2018 онд Ванкуверийн онгоцны буудалд саатулсан юм. АНУ нь санхүүгийн гэмт хэрэгт буруутган Ванзоуг шилжүүлэн авах хүсэлтэй байгаа боловч БНХАУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Канад Улсын зүгээс шүүхийн системээ хараат бусаар ажилладаг хэмээн мэдэгддэг. Ванкоуд тулгаад буй гэмт хэрэг нь Канадад мөн гэмт хэрэгт тооцогддог тул шилжүүлэн өгөх хүсэлтийг хүлээн авах боломжтой хэмээн шүүхийн тэргүүний орлогч Хизер Холмс мэдэгдээд байна.

АНУ-ын зүгээс Хуавэй компанийг Иран Улсад хориг тавьсан байхад төхөөрөмж худалдсан хэмээн буруутгаж буй юм. Ванзоуг Иран дахь бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ HSBC банкийг төөрөгдөлд оруулан залилсан асуудалд буруутгадаг. АНУ-ын Иран Улсад тавьсан хоригийн асуудал л болохоос Ванзоугийн санхүүгийн залилан үйлдэгдсэн асуудал бус юм гэж 1 дүгээр сард болсон шүүх хурлын үеэр өмгөөлөгчид мэдэгдсэн. Канад Улс Иран Улсын эсрэг хориг тавсан асуудал байхгүй учир энэ нь гэмт хэрэг бус гэж үзэж буй юм. Шүүгч үүнтэй санал нийлэхгүй байгаа юм.

АНУ-ын зорилго нь Хуавэй болон хятадын бусад өндөр технологийн компаниудын үйл ажиллагааг зогсоох явдал бөгөөд Канад Улс үүнд Америкийн хамтрагчаар оролцож байна. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Ванзоуг нэн даруй суллахыг шаардаж буй бөгөөд “буруу замаар” явахгүй байхыг анхааруулж байгаа юм. Ванзоуг баривчилсаны хариуд БНХАУ нь Канадын дипломатч асан Майкл Ковриг болон бизнес эрхлэгч Майкл Спаров нарыг баривчилсан билээ. Мөн Канадын экспортын бүтээгдэхүүнийг хятадын зах зээлд оруулахгүй хориг тавих, хар тамхины хэргээр баривчлагдсэн Канадын иргэнд шүүхээс алах ял ногдуулах зэргээр хариу бариад буй юм.

Хуэвэй компани нь утасны болон интернет компаниудад сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлдэг дэлхийн томоохон нийлүүлэгч юм. Хятадын зарим компаниуд технологийн хулгай хийдэг,  БНХАУ нь энэ чиглэлийн олон улсын хэм хэмжээг зөрчдөг хэмээн зарим шинжээчид үздэг. Хуэвэй компани нь Хятадыг өндөр технологи бүхий гүрэн болгоход том үүрэг гүйцэтгэж буй бөгөөд энэ нь АНУ-ын аюулгүй байдлын анхаарал хандуулах асуудал гэж үзэж буйтай холбоотой юм. АНУ-ын Хууль зүйн департаментаас Канад Улсын Засгийн газарт талархал илэрхийлээд байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.mn сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа