Улсын онцгой комисс гуравдугаар сарын 13-нд коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн. Улмаар Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа. Тэрбээр "Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн халдварын тархалтын улбар шар түвшинд шилжсэн хугацаанд 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл шилжүүлнэ.

  1. Худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллыг сайжруулах, ажиллах өдөр, цагийн хуваарьт зохицуулалт хийж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
  2. Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллах ёстой.
  3. Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд (эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) бүрэн хязгаарлаж, хэрэгжилтийг хангана.
  4. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх юм.
  5. Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай (эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил) иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад) тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПСР шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж оруулах, маршрутын бус замын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах чиглэл өглөө.
  6. Байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулж, бусад албан хаагчдыг ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллага хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөж байна" хэмээн ярилаа.

Түүнчлэн Улаанбаатар хотод орон нутгаас ирээд байгаа иргэд ПСР шинжилгээ өгч, байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй, мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын харьяат иргэд иргэний бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу байнгын оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоогоогүй гэдгийг онцоллоо. Мөн ирэх долоо хоногоос вакцинжуулалты ажлыг эрчимжүүлнэ гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа