Эрхэм хүндэт Нийслэлчүүд Та бүхэндээ Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг хүндэтгэн дэвшүүлье.

Төрт ёсны их баяр цэнгэл наадам бол монгол түмний оюун сэтгэхүй, түүх соёл, үндэсний ижилслийн гол дархлааг хадгалсаар ирсэн.

Хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгэгдсэн дэлхийд ганц Монгол наадмаараа монголчууд бид үндэстний эв нэгдэл, бахархал, омогшил, баяр цэнгэл, төрт ёсны хүндэтгэл, түмэн олны бишрэл бүгдийг нэгэн дор цогцлоон нааддаг билээ.

Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахалтай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэг дор олон хүн цугларуулахгүйн тулд баяр наадмын үйл ажиллагааг телевизийн сувгууд болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан орон даяар наадамчин олондоо хүргэж байгаа юм.

Хэдийгээр цаг үе амаргүй, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч нийслэл хотын зүгээс урин дулааны улиралд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа шуурхай хийж хэрэгжүүлэхээр шат шатандаа  ажиллаж байна.
Бороо хур элбэг, үер усны аюул байгаа тул Онцгой, Цагдаа тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагууд бэлэн байдлын зэрэгт  ажиллаж  байна.

Баяр  наадмын амралтын өдрүүдээр нийслэлчүүд маань агаар салхинд гарах, амрах зугаалахдаа өөрийгөө болон гэр бүлээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг хүсч байна.

Төрт ёсны уламжлалт их баяр цэнгүүн Улсын баяр наадамдаа зодоглосон бөхчүүд нь иртэй бяртай,  уясан хүлэг нь хурдан шандастай, унасан хүүхэд нь авхаалж самбаатай, эрхий мэргэн харваачид нь онч цэцтэй байх болтугай.

Хотол түмнээрээ сайхан наадаарай.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа