Анхны 15 төгсөгч олон улсын эрхтэй гагнуурчны үнэмлэхээ гардлаа
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэл хөтөлбөрийн санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шахтбау Нордхаузен ХХК болон Хасу Мегаватт ХХК-ийн хамтарсан “Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төсөл Монгол улсад гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд байгуулсан “Гагнуурын сургалтын төв” Олон улсын ISO 9606 стандартын дагуу ийнхүү анхны мэргэжилтнүүдээ бэлтгэлээ.
Энэ үеэр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, “Хоёр улсын гагнуурын салбарын түншлэлийг шинэ шатанд гаргах энэхүү төсөл манайд гурван зүйлийг бий болгосон. Нэгдүгээрт, олон улсын стандарт бүхий сургалтын байгууламж-орчин бий болгосон. Хоёрдугаарт, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжүүдийг Германаас нийлүүлсэн. Гуравдугаарт, олон улсын сургалт явуулах эрхтэй таван багш бэлтгэсэн. Олон улсын хил дамжсан хийн хоолой байгуулах төсөл хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжихэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурчид нэн хэрэгтэй. Бид энэ эрэлт хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн онцлов. Мөн түүнчлэн ХБНГУ-ын Шахтбау Нордхаузен компани ажлын даалгавар ойлгох хэмжээний герман хэлтэй, олон улсад ажиллах эрхтэй гагнуурчин авах хүсэлт тавьсан. Үүний дагуу герман хэлний сургалт явуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.
ХБНГУ-ын Гагнуурын сургалт, судалгааны төвийн багш Ян Хазарт, “Бид олон улсын сургагч багш нарыг бэлтгэсэн. Тэднийхээ ажлын үр дүнг харахаар, сурсан мэдсэнээ хэрхэн түгээн дэлгэрүүлж, герман стандарт сургалт явуулж байгааг газар дээр нь үзэж хянахаар ирсэн. Сургалт гайхал төрүүлэм үр дүнтэй боллоо. Төгсөгчид хүнд даалгаврыг тун чадварлаг гүйцэтгэж байна. Амжилтад хүрэхийн төлөө илүү цагаар, өөрсдийгөө дайчлан суралцаж байгаа нь бусад орны иргэдээс онцлог давуу талтай санагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Олон улсад ажиллах эрх бүхий мэргэжлийн гагнуурчин бэлтгэх энэхүү сургалтыг эрэлт хэрэгцээнээс шалтгаалан хоёр сар тутамд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл