Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 25 дахь удаагийн буюу энэ оны отгон хуралдаан /2022.12.23/ болж нийт 40 асуудал хэлэлцлээ.

Нэг компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэсэн бол үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр мөн нэг компанийг бүртгэв. Харин гурван компанид хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэхээр тус тус зөвшөөрлөө.

Түүнчлэн хоёр компанид даатгалын төлөөлөгчийн болон зуучлагчийн үйл ажиллага эрхлэх,  зургаан компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн факторингийн болон итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэв. Мөн нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр, 11 хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахаар, гурван компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид олгохоор хэлэлцэн шийдвэрлэлээ.   

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мэргэжлийн холбоо болох "Монголын биржүүдийн нэгдсэн холбоо" ГҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар хуралдаанаар бас шийдвэрлэв. Монгол Улсын виртуал хөрөнгийн салбарт үйлчилгээ үзүүлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, сургалт, судалгаа явуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар санамж бичигт тусгагдсан юм. 

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбаруудын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах, зохицуулах зорилгоор энэ онд 25 удаагийн ээлжит хуралдаанаар нийт 632 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 739 тогтоол гарсан байна.   

Эх сурвалж: СЗХ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа