Эрх мэдэл, мөнгө хоёроор “зодож” байж, Сэлэнгэ аймагт нэр дэвших “виз” аван, УИХ-ын гишүүнээр сонгогдсон түшээ бол Ч.Ундрам юм. Сэлэнгэчүүд түүнийг Ардчилсан Залуучуудын холбоонд гишүүнчлэлтэй явсныг анддаггүй. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлээд гудамжинд гарч, хэдэн тал болж, хэрэлдэж талцаж байсан намд үлдэх нь явуургүйг мэдэрсэн үү, их улс төрийг 2020 онд Ардын намаас эхлүүлсэн нь алдсангүй, парламентын гишүүн болж, сэлэнгэчүүдийг төлөөлөх болсон юм.

УИХ-д анх удаа сонгогдсон ч сайдын суудалд санаархсан нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийн бай болгож байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулахаар болж, Бага хурлаа зарлан хуралдуултал Ч.Ундрам гишүүн “Боловсролын салбараа аваръя гэвэл намайг сайдаар нь сонго” гэх агуулгатай зүйл ярьсанд Ардын намын гишүүд “Хойноос ирээд хот минийх. Хотонд ороод хонь минийх болж байна. Эхлээд хуулийн төсөл дээр ажиллаад сураадах” гэж аашлуулсан гэх нь бий.

Тэрбээр МАН-ын гишүүд дотроо боловсрол өндөртэйд тооцогдох ч ёс зүйн хувьд асуудалтай хүнээр яригдсаар бүрэн эрхээ дуусгах болж буй. Учир нь, гэр бүлээс гадуурх харилцааны талаарх мэдээлэл нь олон нийтэд ил болоод удаагүй байтал охиноо хүчирхийлсэн бичлэг цацагдсан нь нийгэмд дуулиан тарьж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ёстой гэх асуудал ч хөндөгдсөн. Тухайлбал, дээрх асуудалтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн иргэдээс УИХ-д цахимаар 200 өргөдөл, бичгээр 700 иргэний гарын үсэг цуглуулсан өргөдөл ирсэн байдаг.

УИХ-ын Ёс зүйн хороогоор түүний ёс зүйн асуудлыг хэлэлцэх ёстой гэх шаардлагыг иргэд тавьсан ч тус хорооны дарга Б.Баттөмөр “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүн ямар нэг асуудалд холбогдвол ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцэнэ. Хуулийн байгууллага шалгаж байгаа тохиолдолд давхар шалгахгүй хэмээн дүрэмд заасан байгаа. Гэр бүлийн маргаанаар Хан-Уул дүүргийн шүүх дээр, хүүхдээ татаж унагасан асуудлыг цагдаагийн байгууллагад тусдаа шалгагдаж байгаа.

УИХ-ын ёс зүйн байнгын хороонд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, эрхийг нь түдгэлзүүлэх эрх байхгүй. Сануулах, уучлалт гуйх, зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ авах үүрэгтэй. Хуулийн байгууллагаас хүүхдийн хүчирхийлэл эсэх дээр материал ирж байж тус асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Шүүхээс гэм буруутайн тогтоогдвол эгүүлэн татах хуулийн үйлчлэлтэй” гэдэг тайлбар хийж байв.

Харин Ч.Ундрам гишүүн болж өнгөрсөн дуулиант явдлынхаа талаар “Энэ бол миний хувийн амьдралын асуудал учраас үүнээс болоод ажлаа өгнө гэдэг асуудал байхгүй. Үүнд хувийн болон хувьсгалын асуудал гээд маш олон үйл явдал байгаа учраас ялгаж салгаж үзээсэй гэж хүсэж байна. УИХ-ын гишүүний өргөсөн тангараг ёс зүйн асуудалтай харшилсан зүйл байхгүй. Миний хувьд ямар нэгэн хулгай, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй огт холбогдоогүй. Хувийн амьдралтай холбоотой асуудал учраас дэлгэрэнгүй ярьмааргүй байна" гэдэг тайлбар хийсэн юм.

Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг үгийг сануулах мэт, хувийн амьдралтай нь холбоотой дуулиан шуугиан арайхийн намжаад байтал  твиттерийнх нь нууц хаяг “задарсан” нь бас л шуугиан тарьсан.

Твиттерт Ч.Ундрам гишүүний туслах “Орон нутгийн багш” гэх нууц нэрээр давхар “жиргэдэг”, ингэхдээ намынхнаа намнуулдаг байсан нь илчлэгдсэн. Намнаанд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нар өртсөн нь тодорхой болсон. Түүний бот хаяг задарсан нь туслах нь будилснаас үүдэлтэй гэж хэлж болно. Мөн эл явдлаас хойш Ч.Ундрам гишүүнийг “Ардын намын намнаач” гэж тодотгох болсон байдаг.

Тэрбээр УИХ-д сонгогдсоноосоо хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлжээ. Одоогоор уг төслүүд хараахан батлагдаагүй байгаа.

Мөн УИХ-аар өнгөрсөн долдугаар сард баталсан Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт багтаж ажилласан. УИХ-аар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүдийн дунд “англи хэлийг үндсэн гадаад хэл” гэж хуульчлах эсэх асуудал дээр маргаан дэгдсэн. Ч.Ундрам гишүүний хувьд “Боловсролын ерөнхий хуульдаа англи хэл үндсэн гадаад хэл байна” гэж томъёолж өгөх нь Боловсролын сайд солигдох бүрийд үзэл баримтлал өөрчлөгддөггүй байх тогтвортой орчин бий болно гэж үзэж байв.  Маргааныг хагалах зорилгоор эл асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын төвшинд нухацтай хэлэлцсэний эцэст Боловсролын ерөнхий хуульд “Англи хэл үндсэн гадаад хэл байна” гэж зааж өгсөн юм.

УИХ-аар Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх үеэр эцэг Ч.Чинбатынх нь хамаарал бүхий "Вояжер минерал ресурсес" ХХК 476.9 сая иенийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан асуудал хөндөгдсөн.

Хэдийгээр  тус компани зээлээ төлсөн ч 86 хувийг эзэмшигч Ч.Чинбат эзэмшигчтэй “Монзол” ХХК-тай холбоотой мэдээлэл улсын бүртгэлээс устгагдсан тухай асуудал хөндөгдсөн нь хамгийн ноцтой байсан ч эл асуудлын мөрөөр хэн ч хяналт шалгалт явуулаагүй юм.

Харин Хөгжлийн банкнаас авсан зээлийнх нь тухайд Ч.Ундрам гишүүн “Миний аав бизнестээ намайг оролцуулдаггүй. Намайг мөнгөтэй биш боловсролтой болгохын төлөө хүмүүжүүлсэн. Надаас уучлал гуйж, энд тэндээс бүх зүйлээ шавхаад зээлээ төлж дуусгасан. Одоо ямар ч зээлийн асуудалгүй болсон. Хөгжлийн банкны зээлдэгч нарын мэдээллийг олон нийтэд ил болгоход л зээлтэй холбоотой мэдээллийг нь би мэдсэн. Би тухайн үед намынхаа гишүүнээс түдгэлзсэн байсан үе болохоор аавынхаа зээл авсан асуудалд оролцоогүй” гэж мэдэгдэж байв.

Уг нь Ч.Ундрам гишүүн УИХ-д нэр дэвшихдээ МУИС-д багшлахын хажуугаар аавынхаа байгуулсан компанид зөвлөхөөр ажиллаж, санхүүгийнх нь албыг  хариуцаж, дэм болдог тухай ярьсан байдаг ч УИХ-ын гишүүн болсныхоо дараа үгүйсгэсэн.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа