Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Дархан-Уул аймагт ажиллаж, 2020-2021 оны хичээлийн жилийн явц, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хичээл сургалтын ажиллагаатай танилцав. Тус аймгийн ерөнхий боловсролын "Оюуны ирээдүй", "Од" сургууль, 7, 29 дүгээр цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, сайдын А/17 тоот тушаалаар батлагдсан түр журмын хэрэгжилт, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн зохион байгуулалтын боломж, бэрхшээл, сайжруулах арга замын талаар ярилцав. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 27 сургууль байгаагаас долоо нь 3 өдөр танхимд, 2 өдөр цахим хувилбараар хичээл, сургалтаа явуулж байна. Эдгээр сургуульд 464 бүлгийн 16560 суралцагч суралцаж байсныг 920 дэд бүлэг үүсгэн зохион байгуулжээ.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд орон нутагт 86 цэцэрлэг, түүний өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсний нэг нь Дархан-Уул аймгийн 29 дүгээр цэцэрлэгийн шинэ барилга бөгөөд ирэх даваа гарагаас бяцхан шавь нараа хүлээн авахад бэлэн болжээ. Сайд шинэ цэцэрлэгийн барилгын чанар, хичээл сургалтын бэлтгэл зохион байгуулалттай танилцав. Мөн ердийн бүлгийн зэрэгцээ тусгай бүлэгтээ хүнд болон хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй 31 хүүхдийг хамран сургаж буй 7 дугаар цэцэрлэгийн хамт олонтой уулзаж, тэгш хамруулан сургах бодлого, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгч, багш нарын саналыг сонсов.

Сайд Л.Цэдэвсүрэн багш нартай уулзах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр туссан үйл ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, боловсролын салбарт технологийн дэвшлийг ашиглах, багш ажлын байранд ур чадвараа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах чиглэлээр саналаа хуваалцлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа