УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Сэтгэгдэл