Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Итали Улсын Дэд бүтэц, тээврийн Дэд сайд Т.Ферранте нар 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Ром хотноо уулзаж, Монгол, Италийн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ зам, тээврийн харилцаа бол аливаа хоёр орны хоорондын бүхий л салбарын хамтын ажиллагааны суурь болж байдгийн хувьд энэ жил тохиож буй Монгол, Итали хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээний эхлэл болгож “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ хэлэлцээр нь Монгол Улсын Ази-Европыг холбосон транзит улс болох зорилготой нийцэж байгаа тухай цохон тэмдэглэв.

Мөн энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлж, тогтворжуулахад хоёр улс хоорондын худалдаа, эдийн засаг, аялал, жуулчлал, соёл, урлаг зэрэг бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал нөлөөтэй болохыг онцлов.

Дэд сайд Т.Ферранте “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсан нь Монгол, Итали хоёр орны хооронд шууд нислэг нээх эрх зүйн орчныг бүрдүүлээд зогсохгүй манай хоёр орны зам, тээврийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд Монгол, Итали хоёр орны хоорондын худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан автотээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах, жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан зөвшөөрөх чиглэлийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр харилцан тохиролцов гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа