- Сэтгүүлч
- 2025/03/12
- 247
Чех-Монголын бизнес форумд 150 гаруй аж ахуйн нэгж оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Прага хотноо болсон Чех-Монголын бизнес форумд хоёр улсын Ерөнхийлөгч оролцлоо.
Аж ахуйн нэгжүүд уламжлалт салбаруудаас гадна дэвшилтэт техник, технологи, инновац, ноу-хау, тээвэр ложистик зэрэг илүү өргөн хүрээнд хамтрах боломжийг эрэлхийлж, гэрээ, хэлэлцээр байгуулан, харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.
Бизнес форумд хоёр улсаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг 20 орчим салбарын 150 гаруй аж ахуйн нэгжийн нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.
Бизнес форумын нээлтийн үеэр “Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Чехийн Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд хоёр улсын танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Зденек Заийчек нар гарын үсэг зурлаа.

2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 18 сая ам.доллар байна. Манай экспорт 300 гаруй мянган ам.доллар, импорт 17 сая орчим юм. Манай талаас ноолууран эдлэл, хувцас, сүлжмэл цамц, гэрийн угсармал хийц нийлүүлж, тэсэлгээний утас, бялт, өдөөгч бодис, цахилгаан халаах зуух, эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг.
1990-2017 онд Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 80 аж ахуйн нэгж 9.2 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Өнөөдрийн байдлаар 60 гаруй нь худалдаа, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ.
Чех Улс 1996-2017 онд 50 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүд хэрэгжүүлсэн байна.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус улсад төрийн ай...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад тө...


Сэтгэгдэл