
УИХ: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг өнөөдөр /2025.03.19/ хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд өнгөрсөн сард Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг онцлоод, айлчлалыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасанд талархал илэрхийлэв.
Элчин сайд Шэнь Миньжуан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсныг онцлоод, цаашид хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед Монголын ард түмэн манай улсад 30 мянган толгой хонь хандивласанд талархсанаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл