
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ оны шинэ дугаар хэвлэгдлээ
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 15 дугаар хэвлэгдэн гарлаа. Шинэ дугаарт Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүү хамтын ажиллагааны тухай хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүү хамтын ажиллагааны тухай хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр харилцан ашигтай, эрх тэгш, аж ахуйн нэгжийн манлайллыг дэмжсэн, зах зээлийн үйл ажиллагаа болон олон улсын туршлагад нийцсэн зарчмыг тус тус баримталж, “Гурвыг цогцоор” зарчимд тулгуурлан, “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон байна.
Мөн тус дугаарт Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолууд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна.
Тухайлбал, 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... үзэл бодол ...-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Харин Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл