Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан хэлбэрээр санал ирүүлжээ
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг танилцууллаа.
Ирэх оны төсвийн төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх төслүүд, гэр хорооллыг орон сууцжуулж агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн холбоос замуудыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах нийтийн тээврийн цогц төслүүдийг урагшлуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онд эхлүүлсэн төслийг үргэлжлүүлэхэд чиглэсэн талаар дурдсан билээ. Тэгвэл ирэх оны төсвийн саналыг олон нийтээс хэрхэн авсан, иргэд олон нийтээс ирсэн саналын хэдэн хувийг тусгасан талаар НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Л.Хосбаяр тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд, танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна гэж заасны дагуу Ulaanbaatar.mn, e-Mongolia аппликейшн болон 9 дүүргийн 204 хорооноос 77.246 цахим саналыг иргэдээс хүлээн авсан.
Мөн Хүүхдийн ордны их танхимд 9 дүүргийн 350 гаруй иргэдийг хамруулсан 564 саналыг цаасан хэлбэрээр авсан талаар хэллээ. Мөн л төлөөлөгчдийн зүгээс хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд анхаарах нь зүйтэй боловч бусад нийгмийн салбар асуудлуудыг орхигдуулж болохгүй гэдгийг онцоллоо.
Улмаар НИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлгээр хэлэлцэхийг дэмжлээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Санал болгох
-
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ний 10:00 цагт Монгол хэл бичгээр эхэлнэ. Мөн Түүх, Англи хэлний шалгалт зохион байгуулагдана. Арванхо...
-
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 365 иргэн...


Сэтгэгдэл