Г.ЗАНДАНШАТАР: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59%, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55%-ийг дангаар хангаж байна. Гэсэн хэдий ч зөвхөн богино хугацаат өр төлбөр нь л гэхэд 78,4 тэрбум төгрөгт хүрсэн талаар компанийн удирдлагууд танилцуулав.
Хөгжлийн банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх санхүүгийн чадваргүй болсон учраас улсын төсвөөс зээлийг төлж барагдуулах хүсэлтийг компанийн зүгээс тавилаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвөөс зээлийг төлөх боломжгүйг хэлээд компанийн үргүй зардлыг бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллахыг санууллаа.
Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангатга. Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш зардлаа хэмнэх тооцооллыг хийж, хэрэгжүүл. Үрэлгэн байдлаа цэгцлэхгүй байгаа учраас нийгмийн уур амьсгал үнэ нэмэхийг хүлээж авахгүй байгаа юм.
“ДЦС-4” өнөөдрийн байдлаар эрчим хүчний нүүрсний 19 хоногийн нөөц бүрдүүлжээ. Өвлийн ид оргил ачааллын үед бэлэн байдлаа дээшлүүлэхийн тулд уг нөөцийг 30 хоног болгож нэмэгдүүлж, нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгав.
“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хийсэн шалгалтаар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д хэд хэдэн зөрчил илэрсэн юм.
Санал болгох
-
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ний 10:00 цагт Монгол хэл бичгээр эхэлнэ. Мөн Түүх, Англи хэлний шалгалт зохион байгуулагдана. Арванхо...
-
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 365 иргэн...


Сэтгэгдэл