
- Сэтгүүлч
- 2021/11/24
- 445
Монгол, Оросын найрамдалт харилцааг илтгэсэн баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны 61 дэх жилийн үйл ажиллагаа Эрдэнэт хотод үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол, Оросын найрамдалт түүхэн хамтын ажиллагааг илтгэсэн баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн Соёл, урлагийн цогцолборт өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэн түүхэн баримт бичиг, “Марканд мөнхөрсөн найрамдалт хамтын ажиллагаа”, Москвагийн радио сонсогчдын клубын идэвхтэн гишүүдийн цуглуулга, Эрдэнэт үйлдвэрийн орос мэргэжилтнүүдийн “Монгол орон миний нүдээр...” цомог, жил бүрийн найрамдлын сарын ажлын хүрээнд зохион байгуулсан үйл явдлын гэрэл зүраг гэсэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс 12-р сарын 03 хүртэл хугацаанд үргэлжлэх юм. Энэхүү цогцолбор үзэсгэлэнд Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газраас ирүүлсэн түүхийн ховор, нандин баримт бичиг, гэрэл зургийн хамт дэлгэсэн нь онцлог байлаа. Тухайлбал, Богдын Засгийн газрын төлөөлөгч сайн ноён Намнансүрэнгийн, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж нар Зөвлөлтийн Засгийн газартай байгуулсан гэрээ, 1941-1945 онд Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид тусламж үзүүлсэн баримт, түүнийг хүлээн авч, харьяа улсууддаа хуваарилсан захирамж, 1945 оны Ялтын гэрээгээр Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн том гурван гүрэн болох Англи, Америк, ЗХУ хүлээн зөвшөөрсөн баримт бичиг зэргийг энэ үзэсгэлэнгээр анх ил гаргалаа. Түүнээс гадна нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших, Эрдэнэт үйлдвэр байгуулах гэх мэт Монголын хөгжлийн чухал үеийн түүхэн баримт бичгүүдийг, гэрэл зургийн хамт дэлгэжээ. Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагаа Эрдэнэтчүүдэд, цаашлаад Монголын ард түмэнд ямар үр нөлөө үзүүлснийг сурталчлан таниулахад үзэсгэлэнгийн гол зорилго оршиж байна гэж Монгол, Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу ярилаа.
М.Одгэрэл
Фото: Ш.Лхамсүрэн
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл