Хотын төвд нэмж өндөр барилга бариулахгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа "Гэр хорооллыг орон сууцжуулах", "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах" гэсэн хоёр төсөлтэй холбогдуулан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй явж байгааг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар тус зөвлөгөөний үеэр тодотгож байлаа.
Тэрбээр үргэлжлүүлэн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төсөл Улаанбаатар хотын төвийн бүсүүдэд хэрэгжиж байна. Их, Бага тойруу, 40, 50 мянгатын хуучны 3-5 давхар барилгуудыг буулгаж, дахин барилгажуулах төслийн хүрээнд тендер зарладаг ч аж ахуйн нэгжүүд ордоггүй. Учир нь дээрх барилгуудыг буулгаад 6-7 давхар барилга барих зураг төсөлтэй. Гэтэл аж ахуйн нэгжүүд багадаа 16 давхар, цаашлаад 20-24 давхар барилга барих сонирхолтой байдаг. Тиймээс тендерийг 20-30 удаа зарлаад аж ахуйн нэгж орж ирээгүй талбаруудад тухайн орон нутгийн орон сууцны асуудал хариуцсан байгууллага оролцож болохуйц өөрчлөлтийг журамд оруулахаар болж байна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Гэзгийн худаг, Сонгинохайрхан дүүргийн гурван байршил багтаж байгаа” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батшагай:
-Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлд барилга барьж буй болон өргөх техник ашиглагч байгууллагуудын хэмжээнд хяналт тавьж ажиллалаа. Он гарснаас хойш хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс гурван иргэний амь нас хохирсон. 2020 онд 139 хүн, 2021 онд 114 хүн амь насаа алдсан байдаг. Тиймээс барилгын үйлдвэрлэлд гол үүрэг гүйцэтгэдэг өргөх байгууламж бүхий байгууллагууд, барилга угсралтын компаниудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод долоон төрлийн 15.967 өргөх байгууламж ашиглагддаг гэсэн юм.
Эдгээр мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын төв хэсэг, Их, Бага тойруу, 40, 50 мянгатад зургаан давхраас өндөр барилга бариулахгүй гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн бүх төрлийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, татвартай холбон ажиллахыг санууллаа.
Сэтгэгдэл