Хөрсний биотехнологийн “Эрдэнэт” төв ашиглалтад орж, ирэх 7-р сараас вермикомпост үйлдвэрлэж эхэлнэ.  Энэ төв органик хаягдлаар вермикомпост үйлдвэрлэх, хөрсний ашигт микоризыг үржүүлэн, тухайн ургамлын ашигт микоризоор баяжуулсан хөрс хийх, бууц, үртэс ялзмагжуулан органик бордоо хийх гэсэн гурван хэсгээс бүрдэх юм. Энэхүү төвд үйлдвэрийн ажилчдын хүнсний ногоо, жимсний хаягдал, малын өтөг, бууц, оффисын цаасны хаягдал, модны навч, дулааны цахилгаан станцын үнс, үртэс, цэвэрлэх байгууламжийн лаг зэргийг ашиглан органик бордоо бэлтгэх юм.

Одоогийн байдлаар ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран боловсруулсан, Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг “Ногоон хөгжил” төсөл мод тарих үйл ажиллагаандаа бүрэн хэрэглэж байна. Энэ нь хог хаягдлыг бууруулах, лагийн талбайг чөлөөлөх, хөрсний үржил шимийг сайжруулах, модны ургалт дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой юм. Статистик судалгаагаар байгалийн жамаар 100 жилд 1см зузаантай хар шороон хөрс бий болдог. Монгол орны хар шороон хөрсний дундаж зузаан 25 см байдаг.  

“Хөрсний төв байгуулагдсанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хамгийн тулгамдсан хөрсний асуудлыг шийдвэрлэх, жил бүр олон мянган куб метрээр нь сүйтгэж буй хар шороог орлуулах, импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, цөлжилтийг бууруулах ач холбогдолтой гэж” Хөрс хариуцсан инженер Г.Чинзориг ярилаа. Түүнчлэн энэ төвд хүүхэд залууст хоолны хаягдлаар бордоо хийх эко танин мэдэхүйн мэдлэг эзэмшүүлж, сургалт, сурталчилгаа явуулах юм. Хөрсний төв ашиглалтад орсноор говь нутаг руу ч хөрс бэлтгэн нийлүүлэх, орчны хог хаягдлыг 20 хувиар бууруулах боломж бүрдэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа