Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2022 оны урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг оношилгоо энэ сарын 4-ний өдөр буюу ирэх Даваа гарагт эхэлнэ. Үзлэгтэй холбоотой бүх бэлтгэл ажил бүрэн хангагдаж буйг “Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан орлогч Л.Туул мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн газарт харьяалагддаг ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнууд болон нийт ажилтнуудаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодис зэрэг материалууд бэлэн болжээ.

Түүнчлэн байгалийн үзэгдлийн улмаас эвдрээд байсан комьпютер томографийн төхөөрөмжийг засварлаж, хэвийн горимд оруулсныг онцлов. Ингэснээр энэ удаагийн үзлэгт багтсан 18 багц шинжилгээ оношилгоо ямар нэг хүндрэл, хүлээгдэлгүй хийгдэх боломжтой болсон байна.

2022 оны урьдчилан сэргийлэх үзлэгт Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд 18 багцаас сонголт хийж хамрагдана. Үзлэг шинжилгээнд эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтдаа гарсан алдар гавьяатнуудыг хамруулах юм. Харин цехүүд нийт ажилтныхаа тоонд харьцуулан, тухайн өдөрт үзлэг шинжилгээнд хамрагдах 50 ажилтныг бүрдүүлж байгаа аж.  Ажилтнууд сонголт хийхдээ тухайн хүн өөрийн биед ямар нэг зовиургүй, эмчийн заалтгүй бол MRI, томограф аппаратыг аль болох сонгохгүй байхыг зөвлөлөө.    

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04-р сарын 06-ний өдрийн 138-р тогтоолын дагуу “Эрдэнэт медикал” эмнэлгийн өмчийн хэлбэрийг өөрчилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүрэлдэхүүнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болгон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, Магадлан итгэмжлэлийн батламжаа гардан авсан тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.  

“Эрдэнэт медикал” эмнэлэг нь эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, тухайн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр багц гарган танилцуулж байна. Одоогоор Дархан Төмөрлөг, Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар хүсэлтээ өгчээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа