Аргентин Улсын шүүх тус улсыг донсолгосон авлигын хэргээр дэд ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерт зургаан жилийн хорих ял оноолоо.

Өдгөө 69 настай Фернандес нь олон нийтийн ажил гүйцэтгэх гэрээг найзтайгаа байгуулах замаар улсын мөнгийг хууль бусаар шамшигдуулж, "хууран мэхэлсэн" хэрэгт буруутгагджээ. Гэвч тэрээр шоронд суух магадлал багатай юм.  Фернандес нь Засгийн газраас олгосон тодорхой хэмжээний эрх дархтай байдаг бөгөөд давж заалдах процессыг уртасгах төлөвтэй байна. Мөн түүний төрийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах хэдий ч хэргийг дээд шатны шүүхээр хэлэлцэх хүртэл тэрээр дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг үргэлжлүүлэн хаших болно. Прокуророос түүнд 12 жилийн хорих ял төлөвлөж байсан.

Фернандес хэлэхдээ түүний буруутгагдаж байгаа уг хэрэг нь улс төрийн зорилготой гэж мэдэгджээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэрээр өөрийгөө "шүүхийн мафийн хохирогч" гэж тодорхойлсон хэмээн “Ассошиатэд пресс” агентлаг мэдээлэв. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэрээр прокуроруудыг худал хэлж, өөрийг нь гүтгэсэн гэж буруутгаж байсан юм.

Энэхүү хэрэг нь Бүгд Найрамдах Аргентин Улсын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших явцад гэмт хэрэгт холбогдсон анхны тохиолдол болж байна. Прокурорууд Фернандесийг 2007-2015 онд Аргентины ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хууль бус түншлэлийг удирдаж байсан гэж мэдэгджээ. Тэд түүнийг өөрийн танил тал, найзуудаа ашиглан олон нийтийн гэрээ байгуулж мөнгө угаах, улсын хөрөнгийг шамшигдуулах схемийг зохиож, удирдсан гэж мэдэгджээ.

Барилгын компанийн эзэн, бизнесмен Лазаро Баезыг дээрх схемийн гол ашиг хүртэгч гэж буруутгаж байсан бөгөөд түүнд зургаан жилийн хорих ял оноосон. Тэрээр өнгөрсөн онд мөнгө угаасан хэргээр 12 жилийн хорих ял сонсоод байсан юм. Тус хэрэгт өөр 11 хүн холбогдсоноос тэдний долоог нь гэм буруутайд тооцож тус тус 3-6 жилийн хорих ял оноож, гурван хүнийг нь суллаж, нэг хүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Прокурорууд Фернандесийн нэр дэвшсэн газар болох Санта Круз мужид зарласан олон нийтийн ажлын тендерүүдэд зөрчил илрүүлсэн гэж мэдэгдэв. Тус мужид төлөвлөгдсөн барилгын төслүүд хэзээ ч бүрэн гүйцэт дуусаагүй юм. Прокурор Диего Лучиани дээрх хууль бус ажиллагааг "улс орны хүрээнд болсон хамгийн том авлигын үйл ажиллагаа байж магадгүй" гэж тодорхойлсон. Мөн тэрээр Фернандесийн зохиосон мөнгө угаах схем нь Аргентин Улсыг дор хаяж 1 тэрбум долларын (818 сая фунт стерлинг) алдагдалд оруулсан гэж мэдэгджээ.

Фернандес нь түүний эсрэг яригдаж буй бүх мэдээллийг эрс няцаасан. Энэхүү хэрэг нь Аргентин Улсын иргэдийн дунд ихээхэн тархсан бөгөөд Фернандесийг дэмжигчид болон үзэн ядагчид гэж хуваагдахад хүргээд байгаа юм. Фернандесийн дэмжигчид нь түүний Буэнос-Айрес дахь байрны гадаах гудамжинд гарч, дэмжиж байгаагаа илэрхийлж, шүүмжлэгчидтэй нүүр тулан тэмцсээр байна.

9-р сарын 1-нд болсон эдгээр цуглаануудын нэгийнх нь үеэр Фернандес нь халдлагад өртсөн. 35 настай  нэгэн эрэгтэй дэд ерөнхийлөгчийн толгой руу буу чиглүүлсэн боловч түүнийг онилох үед зэвсэг нь гацсан байна. Уг этгээдийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан гэж буруутган шалгаж байна.

Хатагтай Фернандес нь шүүхээс буруутай гэж тогтоогдон шоронд хоригдох ял авсан хэдий ч шууд шоронд хоригдохгүй. Сонгогдсон сенаторын хувьд тэрээр тодорхой хэмжээний халдашгүй эрх эдэлдэг бөгөөд энэ нь түүнд Дээд шүүхэд давж заалдах хүртэл эрх чөлөөтэй байж, албан тушаалаа үргэлжлүүлэх боломжийг олгоод байна. Давж заалдах үйл явц олон жил үргэлжилж магадгүй тул 2023 оны сонгуульд тэрээр дахин сенатор, тэр байтугай ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвших боломжтой юм.

Эх сурвалж:  https://www.bbc.com

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа