2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшил нийлсэн нийт 667 цэцэрлэгт 129,946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384,676 сурагч суралцах бөгөөд эдгээрээс 35,866 нь нэгдүгээр ангид элсэнэ.

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шатны бүртгэлээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 142,798 хүүхдээс 104,762 хүүхэд буюу 73.3 хувь нь хүсэлт гаргаад байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хуваарилалтыг хийж дууссан бөгөөд хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 11-22-ны хооронд болох төлөвтэй байгаа аж.

Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод он дамжин хэрэгжиж буй болон 2023 онд шинээр хэрэгжихээр баталсан 47 сургууль, 88 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 25 цогцолбор, гурван спорт заал, нэг дотуур байр, нийт 164 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт таван сургууль,  бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж өнгөрсөн оноос 2910 ор, 4080 суудлаар нэмэгдсэн байна.

Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 83 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэн, 9240 ороор нэмжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 22 барилгыг түрээсэлж, 13,815 суудлыг нэмэгдүүлснээр гурван ээлжийг хоёр ээлжид шилжүүлээд байна. Тэрчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар цэвэр агаар" төслийн хүрээнд нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилга байгууламжийг дулаалах ажил хийж буй. Мөн "Сургуулийн автобус" төслийн хүрээнд нийт 288 автобус үйлчилгээнд явна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа