Хичээлийн шинэ жилийн эхний өдөр "Мэдээллийн цаг"-т БШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир оролцож мэдээлэл өглөө.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Монгол Улс анх удаагаа хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүллээ.

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 834 сургуульд 690 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх оныхоос сурагчдын тоо 40 орчим мянгаар нэмэгдэж байна.

2019-2020 онд 28567 хүүхэд 12 дугаар ангид суралцаж төгссөн бол энэ хичээлийн жилд 80 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулж бүртгэл 80 хувьтай дууссан. Хаягийн зөрчилтэй, шилжилт хөдөлгөөн хийгдсэн зэрэг тодорхой шалтгааны улмаас бүртгүүлж чадаагүй хүүхдүүдийг сургуулиуд дээр бүртгэсэн. Нэгдүгээр ангид элсэгчдийн эцсийн тоон мэдээлэл 9 дүгээр сарын 15 гэхэд тодорхой гарна.

Танхимын сургалт олон сараар тасалдсантай холбоотой хөндлөнгийн болон өөрийн үнэлгээ судалгаануудыг хийсэн. Анги өсөх тусам хүүхдийн айдас түгшүүр нэмэгдэж байна. Ийм учраас есдүгээр сард зөвхөн бататгал хичээл орно. Хүүхдүүдийг аль болох хоцрогдолгүй байлгахад багш нар анхаарна.

Танхимын болон танхимын бус сургалтаар хүүхдэд хэт өндөр ачаалал өгч болохгүй, аль болох суралцах идэвх сонирхлыг нэмэгдүүлж, сургуульдаа дасан зохицоход чиглүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг Боловсролын Хүрээлэнгээс өгсөн.

Багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдад гарч болзошгүй айдас, түгшүүр, эргэлзээг тайлах, тайвшруулахад чиглэсэн нийгэм-сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагааг гэр бүлд түшиглэн зохион байгуулах ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдаж, тодорхой удирдамжийн дагуу ажиллаж эхлээд байна.

Удирдамжийн дагуу нийслэлийн төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн нийгмийн ажилтанд зориулсан сургалт зохион байгуулсан. Цаашид орон нутгуудад зохион байгуулна.

Танхимын болон танхимын бус сургалтын бүх хуваарь сурагчдад хүрсэн. Цахим болон танхимын аль ч нөхцөлд багшийн зөвлөмж зааврыг дагаж эцэг эх оролцоогоо нэмэгдүүлэх хүүхдийнхээ сурах үйлийг дэмжин хамтран ажиллахыг хүсье гэж БШУЯ-наас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.mn сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа