ХАБЭА-н хэлтсээс зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” уралдаанд Баяжуулах үйлдвэрийн хамт олон хоёр төрлийн төхөөрөмж бүтээж, оролцож буйгаа танилцуулав. Тус цехийн ХАБЭА хариуцсан ажилтнууд, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бичил осол, зөрчлийг бууруулах арга хэмжээний хүрээнд ноцтой эрсдэлийн хяналтын хуудсыг ажилчдад танилцуулж, болзошгүй аюулын сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, 1978 оноос хойш цехийн хэмжээнд тохиолдсон  үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судалсан байна. Судалгаагаар ослын  гол шалтгаан нь хүндийн хүчний үйлчлэл болон механик хүчин зүйлийн нөлөөллөөс ажилчин гэмтэж, бэртдэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн эргэлдэх машин механизмын завсар орооцолдож, хавчуулагдах эрсдэлийн тоо цөөнгүй байв.  Иймээс судалгааны үр дүнд үндэслэн, дээрх  нөлөөнөөс үүдэх осол гэмтлийг урьдчилан мэдрүүлж, болзошгүй аюулыг бодитойгоор таниулан сэргийлэхэд  зориулагдсан хоёр төрлийн үзүүлэн, төхөөрөмж бүтээсэн гэж Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Д.Бат-Эрдэнэ ярилаа.  

Баяжуулах үйлдвэрийн хувьд туузан дамжуулах буюу эргэлдэх механизм бүхий тоног төхөөрөмж ихэвчлэн ашигладаг онцлогтой. Туузан дамжуулгад орооцолдох, түүний нөлөөллөөр гэмтэж бэртэх тохиолдлын үеэр хүний гар болон хөл илүү өртдөг байна. Тиймээс ийм эрсдэлээс хамгаалахын тулд эргэлдэх машин механизмтай ажиллах үед   хамгийн түрүүнд аюултай энергийн эх үүсвэрийг тусгаарлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, конвейер, тээрэм гэх зэрэг тоног төхөөрөмжийн эргэлдэх хэсгийг хөдөлгөөнд орох боломжгүй болгон тусгаарлах юм. Энэ үйл явцыг тусгаарлалтын журмаар зохицуулж эхэлсэн байна. Ингэснээр эргэлдэх хэсгийн болзошгүй аюулыг таслан зогсоох боломж бүрджээ.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа