Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн хөгжлийн бодлого, чиглэлийг танилцуулах, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг сонсох зорилгоор “Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад нийслэлд үйлчилгээ эрхэлж байгаа 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, 2024 онд хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг хуулийн хүрээнд хэрхэн дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар ярилцан, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхээр энэ уулзалтыг зохион байгуулж байна. Аливаа асуудлаас тойрч зугтах биш, нүүр тулж шийдэх хэрэгтэй. Бид “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 15.8 дугаар зүйлд заасны дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрх”-ийг энэ оны гуравдугаар сарын 15-наас дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Ингэснээр зөвшөөрлийн шинжтэй төрийн үйлчилгээ улам хялбар, шуурхай болно. Мөн жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлагын стандартад өөрчлөлт оруулж, хүнсний дэлгүүрийн талбайн хэмжээг 51-ээс 41 ам метр болгон өөрчлөх хүсэлтийг төрийн дээд шатны холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Бүхий л салбарт ажиллах хүч, хүний нөөцийн асуудал хөндөгдөж байна. Төлөвлөгдсөн даацаасаа хэд дахин олон хүн амтай болсон Улаанбаатар хотод цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтоос эхлээд олон асуудал ундарч байна. Тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнууд ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд орчны 50 метр талбайн цас мөс, хог шороо, гадна фасадын угаалга, цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг хийх хэрэгтэй. Мөн стандартаа мөрдөж, хаягжилт, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу шат, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, авто зогсоолын асуудлаа цогцоор нь шийдэх учиртай” хэмээн онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны захирамжаар зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Өдгөө цахим бүртгэлийн хуудастай 11,888 иргэн, аж ахуйн нэгжид 110 мянган иргэн ажиллаж байна. Цаашид цахим зөвшөөрлийн системийг илүү сайжруулж, ойлгомжтой, шуурхай болгох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа